Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” өнөөдөр /2021.8.30/ нээхээр болжээ. “Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан аж. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьжээ. Өглөөний гудамж нь Жамьян гүний гудамж буюу “Blue Sky” урд талд байрлалтай.
“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний гудамжийг жишиг болон ажиллуулж байгаа билээ.
ЖАМЬЯН ГҮНИЙ ГУДАМЖИЙН АЖЛЫГ ХОЙШЛУУЛААД БАЙСАН Ч ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛСОН
Тус гудамжийн тохижилтын ажил болон эхний гудамжаас юугаар ялгаатай, давуу талтай болохыг нийслэлийн Захирагчийн албанаас тодруулахад:
-Нийт гурван газарт жишиг гудамж бий болгох төслийн ажил үргэлжилж байгаа. Төлөвлөгөөний дагуу жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгоно. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийж ажиллахаар болсон. Цар тахлын нөхцөл байдал болон цаг агаар мөн бусад шалтгаанаас хамаарч дараагийн байршлуудад тохижуулах жишиг гудамжны ажил тодорхойгүй хугацаанд түр хойшлоод байсан. Гэхдээ энэ онд багтаж ашиглалтад оруулж, үндэсний хэв маяг, олон улсын стандартын дагуу тохижилтын ажлуудыг хийхээр яригдаж, төлөвлөсөн.
Нөхцөл байдлыг харгалзаж их хэмжээний төсөв санхүүг шаардахгүйгээр тохижилтын ажлыг хийж, дараагийн өглөөний гудамжийг өнөөдөр нээхээр болж байна. Их хотын иргэдийн хүлээлт өндөр байгаа учраас гурав дахь байршлыг ч ойрын хугацаанд нээж магадгүй гэдэг мэдээллийг өглөө.
Иргэдийн дунд эртэч нийслэлчүүдийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа нь олны сайшаалыг хүртээд байгаа. Гэвч хотын төвд түрээс өндөр талбайд худалдаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүн, хоолны үнэ үнэтэй байгаа учир дараагийн удаад анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг иргэдээс зүгээс цахим хуудастаа уриалжээ. Энэ удаагийн “Өглөөний гудамж” нь илүү байгальд ээлтэй, эко орчныг бүрдүүлснээрээ онцлог аж.