Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан.
Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон.
Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм.
Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.