Паралимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-д барилдсан ОУХМ Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэж, шагналт тавдугаар байр эзэллээ. Азийн пара наадмын алт, хүрэл медальт тэрбээр медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Бразилийн тамирчин Мег Эммерихтэй өрсөлдсөн.
Манай бөх өмнө нь түүнтэй гурав таарч, гурвууланд нь ялагдаж байв. Энэ удаа барилдаан эхлээд минут орчим өнгөрч байхад өрсөлдөгчийнхөө хөмрөх мэхэнд цэвэр буучихав. Ингэснээр манай гурван жүдочийн хоёр нь 7-р байр, нэг нь 5-р байрт шалгарсан амжилтаар паралимпын наадмыг өндөрлүүлэв.
Н.Алтанцэцэг 2014 онд Инчеоны Азийн Паралимпын наадамд түрүүлж байсан бол 2018 онд Жакартагийн наадмаас хүрэл мeдаль хүртэж оноо цуглуулсан амжилтаараа Токиод өрсөлдөх эрхээ авсан билээ.
Маргааш манай найдваруудын нэг Э.Содномпилжээ паралимпын наадамд бяр чадлаа сорих болно гэж МҮОХ-ноос мэдээллээ.