Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 44 цэг ажиллана. Эдгээр цэгт 65 багийн 336 эмч, ажилтан ажиллаж, 6,220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд коронавирусийн эсрэг вакцины III тунг хийхээр болсон. Зорилтот бүлэгт
- 55-аас дээш насны,
- боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан,
- эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана.
Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 162, II тунд 553, III тунд 272 буюу нийт 987 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна.
Түүнчлэн 2,669 жирэмсэн эх, 12-15 насны 56,735, 16-17 насны 23,454 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.