Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдааны үеэр өгсөн мэдээлэлдээ
Г.Өлзийсайхан: Тянжин боомтод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын тэмдэглэл гарч, хоёр улсын яамны түвшинд санал солилцсоноор түргэн муудах бараа, бүтээгдэхүүнийг нэн яаралтай татахаар ажиллаж байгаа.
Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд, Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд Эрээн хотод 2,000 тонн орчим ачаа, бараа төвлөрөөд байна. Бараа таталт удаашраад байгаа шалтгааны нэг бол тээвэрлэлтийн шат дамжлага олон.
Түүнчлэн төмөр замын тээврийн хувьд бүдүүн болон нарийн цагираг ашиглахтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан. БНХАУ-ын холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж танилцуулав. Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьд арматур, хөөсөнцөр болон мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг хүсэв.
Дараа нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Болормаа мэдээлэл хийв. Тэрбээр, тус байгууллагаас ачаалал ихтэй боомтууд уртгасан цагаар ажиллаж, нэн яаралтай бараа, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хил нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв. Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Төрсайхан, өдөрт дунджаар 110 автотээврийн хэрэгсэл хил нэвтэрч байгаа.
Сүүлийн гурван хоногийн байдлаар 53 ачааны вагон орж ирснээс дийлэнх нь барилгын материал эзэлж байна. Тээвэрлэлт удаашраад байгаа шалтгааны нэг бол манайхан бараа, материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг дутуу хийснээс шалтгаалж байна гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана хэмээн уулзалтын төгсгөлд илэрхийллээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс