Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны хоёрдугаар улирлаас хойш барилгын материал болон түүхий эдийн үнэ ханш өссөн, энэ нь барилгын материалын импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсантай холбоотой. Үүсээд байгаад нөхцөл байдалтай холбогдуулан тус ажлын хэсэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ.
Өчигдөр арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, саналыг нь сонссон бол өнөөдөр (2021.08.19) барилгын материалын гол бүтээгдэхүүний нэг болох цемент болон бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Монголын бетон судлаачдын холбоо, Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, санал солилцов. Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлж байв.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг тул тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэв. Ингэснээр бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэгчид тус газарт хүсэлт гаргаснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс