Афганистаны экс Ерөнхийлөгч Ашраф Гани Кабулын нисэх онгоцны буудлын нислэгийн зурвас дээр зарим доллараа багтаалгүй үлдээн улс орноосоо зугтаж, АНЭУ-д ирсэн тухай мэдээлж байх зуур түүний охин Мариам Нью-Йоркт тайван аж төрж сууна.
Эцэг өвгөдийнх нь нутгийн эмэгтэйчүүд талибуудын хүнд нударган дор орсон байхад азтай энэ бүсгүй эцгийнхээ мөнгөөр тансаглан амьдардаг ажээ.
The New York Post сонины сурвалжлагч нар түүнийг эрэн хайж олсон ч тэрбээр сэтгүүлчидтэй ярилцахаас татгалзжээ. Гэхдээ сэтгүүлчид түүний тухай нэлээд хэдэн мэдээлэл олж авч чадсан байна.
Өдгөө 42 настай Мариам Нью-Йорк хотод төрсөн бөгөөд эндээ найруулагч, уран зураач, зохиолчоор ажилладаг гэнэ. Экс Ерөнхийлөгчийн охин Клинтон-Хилл хэмээх тансаг зэрэглэлийн ногоон хорооллын байранд аж төрдөг.
Түүний эцэг Харвардад лекц уншиж, Дэлхийн банкинд ажиллаж байсан болохоор охиноо Америкийн улстөрчдийн хэв маягаар өсгөжээ. Мариам Нью-Йоркийн их сургуулийг дүүргэж, дараа нь Визуал урлагийн сургуульд ороод уран бүтээлийн замд тууштай орсон байна.
Бүсгүй хэдий Нью-Йоркт төрсөн ч бүтээлдээ өвөг дээдсийнхээ нутагтай холбоотой сэдвийг хөнддөг. Түүний найруулсан хоёр ч баримтат кино байдаг нь Афганистантай холбоотой. Мариам ерөнхийдөө бүтээлдээ дайн амьд бүхнийг хэрхэн хөнөөж байгааг харуулахыг зорьдог.
Мэдээж урлагийн ийм бүтээлийг үнэлэгч цөөн хүрээнийхнээс бусад нь түүнийг мэдэхгүй. Гэхдээ Гани бүсгүй Америкийн орчин цагийн урлагийн музей, Гуггенхаймын музей, Метрополитен музей, Тейт Модерн галерей зэрэгт үзэсгэлэнгээ гаргаж байсан удаатай.
Бүсгүй хэний мөнгөөр ийнхүү Нью-Йоркт тансаг аж төрдгөө хэлдэггүй. The New York Times-т өгсөн нэгэн ярилцлагадаа эцгийгээ “гайхалтай хүн” хэмээн дурьдаад л орхижээ.
Гэхдээ тэрбээр одоо л Афганы ард түмэнд санаа зовж байгаага илэрхийлж эхэлжээ. “Би Афганистанд үлдсэн гэр бүл, найз нөхөд, хамт олондоо маш их санаа зовж, тэднийхээ төлөө боломжтой бүхнийг хийхийн тулд идэвхтэй ажиллаж байна” хэмээн Инстаграм хуудсандаа бичжээ.
Гэхдээ тэрбээр афганчуудын төлөө яг юу хийж байгаа нь тодорхойгүй байна. Ямар ч л байсан хүмүүнлэгийн тусламж цуглуулаагүй, сонсож л байсан улс орон нь хэрхэн зовж зүдэрч байгаа тухай шинэ баримтат кино хурдан хугацаанд ч хийх гэж байгаа тухай яриа гараагүй аж.
Эх сурвалж: Kp.ru