Долоон сарын сүүлчээс эхлэн ОХУ-ын нутаг Якутад ассан түймэр үргэлжилж, одоогийн байдлаар 159 газар түймэр бүртгэлтэй байна. Түймрийн утаа Якуттай зэргэлдээх бүс нутгийн олон хот сууринг бүрхэжээ. Түймэр 1.1 сая гаруй га ойг хамарчээ.
Якут нь ОХУ-ын ой хээрийн түймэр хамгийн их тархдаг газар. Энэ удаа ч Якут хүнд нөхцөл байдалд байна. Бүгд найрамдах улсын зарим хотод утаанаас болж агаарын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай болжээ.
ОХУ -ын Красноярск мужийн Яаралтай тусламжийн ерөнхий газрын Хэвлэлийн албаны мэдээлснээр, ойн түймрийн утаа тус бүс нутгийн 17 дүүрэг, хотын 392 сууринд бүртгэгджээ. Бүс нутгийн төвийн оршин суугчдад амны хаалт зүүж, гадагш гарахаа болихыг зөвлөж байна гэж Интерфакс, ТАСС агентлаг наймдугаар сарын 7 -ны Бямба гарагт мэдээлэв.
Норильск, Зеленогорск хотод ч утаа, шатаж буй үнэр бүртгэгдсэн байна. Якутад гарсан түймрийн утаа хөрш зэргэлдээ Эрхүү мужийг хамарч, тус бүс нутгийн 365 гаруй сууринд тархжээ. Эрхүү хотод шаталтын үнэр тодорхой мэдрэгдэж байна.
Онцгой байдлын яамны мэдээлснээр энд 1.1 сая гаруй га ой мод шатаж байна. Наймдугаар сарын 6-ны байдлаар ой хээрийн түймэр унтраах ажилд 3180 хүн, 448 техник хэрэгсэл оролцсон байна.
Эх сурвалж: DW.COM
Түймрийн утааны Монголд үзүүлж буй нөлөө: Якутад асч буй түймрийн утаа хойноос Монгол орны нутаг дэвсгэр рүү чиглэж наймдугаар сарын 4-нөөс эхлэн Улаанбаатар хотыг бүрхсэн. Өнөөдрийн (2021.8.8) байдлаар манай орны хойд хэсэг Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байна. Цаг агаарын мэдээллийн сайтын прогнозоор өтгөн утаа Улаанбаатарт үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд хүрэх төлөвтэй гэж Цаг уурын байгууллага мэдээлжээ.