М.Тулгатын АН-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр (2021.08.07) цахимаар хуралджээ. COVID-19 цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрмийг баримтлан цахимаар хуралдсан ҮБХ-ны ээлжит бус хурлаар
-УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцох эсэх асуудал,
– Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл танилцуулах болон бусад асуудлыг хэлэлцжээ.
УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс эхлэх, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар товлосон байгаа. Хуваарь ёсоор одоо сонгууль болох тойргийн сонгогчдын бүртгэлийг нягтлах, сонгуулийн санал авах хэсгийн хороодыг байгуулах ажил явагдаж байгаа.
Наймдугаар сарын 11-нд буюу ирэх Лхагва гаригаас өмнө УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам эвслүүд СЕХ-нд нөхөн сонгуульд оролцох эсэхээ мэдэгдсэн байх ёстой. Тиймээс М.Тулгатын АН нөхөн сонгуулийн асуудлаар хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах хуралдааныг хийжээ.
Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн өмнө хуваагдал, талцалаасаа болж хоёр нэр дэвшигч тодруулах гэж үзсэн АН энэ удаагийн нөхөн сонгуульд ч үл эвлэрч, хоёр тийшээ харсан байдалтай оролцох бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрүүдийн араас үргэлжилсэн зуны амралтын хугацаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тэргүүлсэн Х.Баттулгын АН, М.Тулгатын тэргүүлсэн С.Эрдэнийн АН ойлголцох, нэгдэх, хамтрах ямар ч алхам хийсэнгүй.
Хуваагдан талцсан АН-ынханд нөхөн сонгуулиас өмнө ойлголцох хугацаа бий. СЕХ-ны хуваарь ёсоор есдүгээр сарын 1-нд нам, эвсэлүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан байх ёстой. Энэ хооронд хоёр тал ойлголцохгүй бол АН хоёр тойрогт дөрвөн нэр дэвшигч тодруулж, өнгөрсөн хавар Н.Алтанхуягийн төв талбайд өрнүүлсэн шоу, улстөрийн хийрхэл шиг зүйл ч өрнөхгүй гэсэн баталгаа үгүй байгаа юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2 тэрбум 287 сая төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгаад байгаа билээ.
Д.ЦАЦРАЛ