Сёнжу муж дахь гольфийн талбайд АНУ-ын пуужингаас хамгаалах THAAD систем байрлуулах гэсэн Сөүлийн эрх баригчдын шийдвэр Өмнөд Солонгосын тав дахь том бизнесийн групп “Лотте”-г хүнд байдалд оруулаад байна. Сөүл 2016 оны дунд үеэс эхлэн THAAD системийг байрлуулах цэгийг судалсан ба “Лотте” группын энэ талбайг хамгийн тохиромжтой хэмээн сонгож, талууд өнгөрсөн даваа гаригт (2017.02.27) тохиролцоонд хүрчээ.
Энэ шийдвэрийг Хятадын тал хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь THAAD (Terminal high-altitude area defence sysem) системийн радар зүүн хойд Хятадын нутгийг хамарна. Тус улсын энэ бүс дэх цэрэг, зэвсгийн шилжилт хөдөлгөөнийг хянах систем гэж үзэж байгаа бол Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын довтолгооноос THAAD систем хамгаална гэж тайлбарлаж буй юм.
Харин газраа чөлөөлөхөөр болсон “Лотте” группын Хятад дахь бизнес эрсдэлд орж эхэлжээ. Тус группын гадаад зах зээлээс олдог орлогынх нь тал хувийг Хятадын зах зээл бүрдүүлдэг байна. Шийдвэр гарахаас өмнө Хятадын Коммунист Намын төв хэвлэл тус улсад 80 гаруй их дэлгүүртэй энэ группын удирдлагад “Хэрвээ газраа ашиглуулбал Хятад дахь бизнес нь эрсдэлд орно” гэж сануулж байсан юм. “Лотте” групп гольфийн талбайгаа Засгийн газартаа шилжүүлмэгц олон дарамттай тулгарч эхэлжээ.
Өчигдөр (2017.03.02) гэхэд “Лотте” их дэлгүүрийн Аньхуй муж дахь салбараас албаныхан хууль бус 30 радио дамжуулагч илрүүлж 20 мянган юаниар торгосон бол Вухуй хотын харилцаа холбооны мэргэжилтнүүд тус дэлгүүрийн өөр нэг салбараас хэвийн бус радио дохио цацагдаж байгааг илрүүлж, мөрдөн шалгах ажлыг эхэлсэн байна.
Түүнчлэн Бээжин дэх их дэлгүүрийг хууль бус сурталчилгаа хийсэн гэж буруутгаад 44 мянган юаниар торгосон бол Жяньсу мужийн Руйшянь санхүүгийн групп “Лотте”-гийн 50 дэлгүүртэй хамтран хэрэгжүүлдэг шоппинг картын хөтөлбөрөө зогсоож, онлайн худалдааны сайтдаа Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнийг зарахгүй болсноо мэдэгджээ. Үүнээс гадна олон компани “Лотте” групптэй хамтарч ажиллахаас татгалзсаар байна. Лхагва гаригт (2017.03.01) гэхэд “Лотте” компанийн хятад хэл дээр эрхлэн явуулдаг вэб сайт халдлагад өртөн ажиллагаагүй болсоныг нягтлахад, хятадын IP хаяг бүхий компьютераас хакердсан байжээ.
Мөн өчигдөр (2017.03.02) Бээжингийн эрх баригчид Хятадын аялал жуулчлалын гол компаниудад Өмнөд Солонгост жуулчин илгээхээ зогсоох даалгавар өгсөн байна. Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбарын мэдээлсэнээр зөвхөн 2016 он гэхэд Хятадаас 8.6 сая жуулчин иржээ. Энэ баримт тус улсын энэ салбар Хятадын жуулчдаас ихээхэн хамааралтай болохыг харуулж байгаа. Энэ шийдвэр Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбарт том цохилт болох төлөвтэй байна.