Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон гэж үзсэн хүмүүс дүүргийн ЗДТГ-ын байранд эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр дүүргийн Цагдаагийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдийг албан тарааж, нулимс асгаруулагч хэрэглэсэн гэх мэдээлэл тархаад байсан. Харин үүсэн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
-ЦЕГ-т эмх замбараагүй байдал үүссэн гэх дуудлага ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд эмх замбараагүй байдлыг тараах, таслан зогсоох арга хэмжээ авч байна. Олон нийтийн сүлжээнд бичигдэж, хүмүүсийн ярьж байгаа шиг иргэдийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсэн зүйл байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Харин энэ үеэр иргэд цагдаагийн албан хаагч руу нунтаг зүйл цацсан хэрэг гарсан. Ямар нунтаг зүйл цацсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газарт шалгалт хийж байгаа. Энэ үеэр иргэдийн дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй, иргэдийг Ганц худаг руу ачсан гэх нь ч худлаа мэдээлэл. Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байна гэсэн тайлбар өглөө.