Бруссель хотноо 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болсон “Эмэгтэй хүн өөрөө шийддэг” сэдэвт олон улсын Сайд нарын бага хуралд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид уригдан оролцлоо. Тус бага хурлыг Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Александр Дэ Крү санаачлан, Нидерланд Улсын Гадаад харилцаа, Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Лилиан Плоумэн, Швед Улсын Шадар сайд бөгөөд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа, Цаг уурын сайд Изабела Лөвин, Дани Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Улла Төрнэс нар хамтран зохион байгуулав.
Энэхүү бага хуралд 50 орчим улсын Засгийн газрын төлөөлөл, Эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагууд, НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагууд, Олон улсын сан, хувийн компаниудын төлөөлөл оролцож эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилтийн болон бодлогын дэмжлэг, энэ талаарх олон улсын хандлага, чиглэлийг хэлэлцэв.
Бага хуралд оролцсон улсуудын Засгийн газар, олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд зориулж нийт 181 сая еврогийн хөрөнгө босгож, “Эмэгтэй хүн өөрөө шийддэг” олон улсын санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь энэхүү хурлын онцлог ач холбогдол байв.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хурлын үеэр НҮБ-ын Хүн Амын Сангийн Гүйцэтгэх захирал Др. Бабатундэ Осотимехин, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Александр Дэ Крү нартай тусгайлан уулзаж “Эмэгтэй хүн өөрөө шийддэг” олон улсын санаачлагын талаар болон бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулав.
Эх сурвалж: ЭМЯ