Нийслэлийн Ардчилсан нам үдээс хойш (2017.03.03) хэвлэлийн хурал зарлав. Тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд “Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон шийдвэртэй холбогдож, өнөөдөр ноцтой асуудлууд үүслээ. Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид ялалт байгуулж, олонх болсон байтал хотын дарга хууль бус шийдвэр гаргасан.
Мөн цагдаа нар иргэд рүүгээ халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй, тэмцэнэ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд сайн дураараа огцрох ёстой” хэмээн мэдэгдлээ. Баянзүрх дүүрэгт болсон дээрх бужигнааны үеэр тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Ардчилсан намын хоёр гишүүн баривчлагдаж, Д.Батцогт гэх төлөөлөгчийн гар гэмтэж эмнэлэгт очсон гэж хэвлэлийн хурал зарлагчид хэлэв.