Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг албан ёсоор зарлагдахаас өмнө “Цагаан сонголт” хийх уриалга цахим орчимд үзэгдэх болсон. Сонгуулийн санал хураалтын өмнө цагаан сонголтыг уриалж байгаа эзэд нь ил гараад иржээ.
Тэдний нэг нь АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хүмүүс байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эхлээд байгаа юм. Энэ талаар өнгөрсөн Баасан гаригт (2021.06.04) АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж “Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд би өрсөлдөж гарахгүй бол хэн ч гарахгүй” гэсэн хандлагаар хандаж, иргэдийг цагаан сонголт хийхийг уриалж байна. АН-ыг хоёр хуваагдахад томоохон нөлөө үзүүлсэн “Түгжил”-үүдийн үгэнд автахгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна хэмээсэн юм.
Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын нэрээр Ерөнхий сайд болж байсан, Ерөнхийлөгч болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс биечлэн болон биет бусаар цагаан сонголтод уриалаад байгааг буруушааж байна. Та бүхэн анзаарсан бол АН-ын даргаар ажиллаж, Ерөнхий сайд хийж явсан Н.Алтанхуяг гэж хүн “Цагаан сонголт”-ыг уриаллаа. АН-ын хагарал бол ах нараас эхэлж, цөөн хүний дунд үргэлжилж байгаа. Нэг нь Н.Алтанхуяг болон одоогийн Ерөнхийлөгч нөгөө нь албан ёсны АН гэсэн хоёр хуваагдал бий болсон.
АН-ын нэрээр Ерөнхий сайд, Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд, Шадар сайдын албан тушаалыг хашиж, АН-ын нэр дээрээс буйдан дээр сууж байгаад жагсаалтаар УИХ-ын гишүүн болж явсан энэ хүн 2017 онд намын даргын сунгаанд өрсөлдөөд ялагдаж байсан. Ялагдчихаад 4 жилийн турш өөрийн тойрон хүрээлэгч, цүнх баригчдаараа АН-руу нохой мэт хуцуулж байна.
АН-ын буянаар Монгол Улсын Ерөнхий сайд хийж байсан Н.Алтанхуяг иргэдийг цагаан сонголтод уриалж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 20 гаруй тэрбум төгрөгөөс бүтэж байгаа. Эдийн засгийн хямралтай, төсөв хүнд байгаа цаг үед энэ мөнгөөр хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж болох вэ. Н.Алтанхуяг нэр дэвшээгүй болохоороо цагаан сонгуульд уриалдаг байж болох уу. Би биш бол чи биш гэсэн байр суурьтай хандаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ард нь бий. Энэ нөхдүүдийн уриалгад битгий авт хэмээн мэдэгдсэн байгаа.
Цагаан сонголт хийх уриалга гарсны дараа олон нийтийн сүлжээнд Цагаан сонголт гэж юу болох, энэ санаачилга хаанаас гардаг вэ гэдгийг харуулсан мэдээллүүд ч явж байна. Эдгээр мэдээнд:
Манайхны дунд “Цагаан сонголт” гэж нэрлэгдээд байгаа энэ үзэгдлийг Олон улсын хэмжээнд “Эсэргүүцлийн санал” гэж нэрлэдэг. Хамгийн анхаарууштай нь эсэргүүцлийн саналыг иргэд, сонгогчид хэзээ ч санаачилдаггүй. Ийм өөр сонголтыг тодорхой улстөрийн бүлэглэлүүд зохион байгуулалттай өрнүүлж, сонгогчдын улс төрийн үзэл бодлыг эргүүлж, тэдэнд нөлөөлөх зорилгоор явуулдаг болохыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа.
“Эсэргүүцлийн санал” гэсэн үндсэн нэрнээс нь тойрч давхиад манайхны гэм зэмгүйхэн “Цагаан сонголт” хэмээн нэрлэчихээд байгаа энэ үйл явцыг дэлхийн орнууд Ардчилсан нийгэмд байх ёстой зүйл гэж үздэг. Гэвч ийм санаачлагыг ихэвчлэн өрсөлдөгч намууд, нийгэмд тогтворгүй байдал үүсгэдэг улс төрийн бүлэглэлүүд санаатайгаар явуулаад ард нь нуугдаж үлддэг учраас энэ үзэгдлийг бүрэн хэмжээнд судлах ёстой гэж дэлхийн улс төр, эрдэм шинжилгээний байгууллагууд үздэг болсон тухай дурджээ.
Үнэхээр ч “Цагаан сонголт”-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд чадаагүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Х.Баттулга нар санаачилж байгаа нь ил болж “Цагаан сонголт” гэдэг нь тодорхой улс төрчдийн “Эсэргүүцлийн санал” болохыг нотолж эхлэв бололтой.
Б.Ирээдүй