Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр (2017.03.03) хэвлэлийн хурал хийж, Баянзүрх дүүргийн Засаг даргатай холбоотой дэгдсэн дуулианы талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ хуралд оролцсон хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ:
-Нийслэлийн дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн. Сонгуулийн хуулийн дагуу дүүргийн Сонгуулийн хороо нь тус дүүргийн ИТХ-ын сонгуульд ялсан 35 төлөөлөгчийн зургааг нь асуудал гаргасан гэж үзсэн. Энэ маргаан шүүх дээр хэлэлцэгдэж явсаар хэд хоногийн өмнө таван нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Нэг нэр дэвшигч хугацаандаа давж заалдаагүй. Үүнтэй холбоотой БЗД-ийн Сонгуулийн хорооноос ахин сонгууль явуулахаар болсон.
Тус дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгч бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн байгаа. Үүний 19 нь МАН-аас, 16 нь АН-аас нэр дэвшсэн. Өнөөдрийн байдлаар энэ дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ хуралдаанаас Э.Бат-Амгалан гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн. ИТХ-аас ирүүлсэн саналын дагуу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Амгаланг батламжилсан. АН-ын нөхдөөс 22 тойрогт ялсан гэж маргаж байгаа ч дүүргийн сонгуулийн хорооноос 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. Зургаан төлөөлөгчийг шүүх хууль зөрчсөн гэж үзэж албан ёсоор хасагдсан.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд асуудлыг шүүх хэлэлцэж дуусах хүртэл хүлээсэн. Энэ хооронд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан А.Пүрэвдаваа бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Харин өчигдрөөс эхлээд Э.Бат-Амгалан Засаг даргаар ажиллаж байна. Хэрэв 2017 оны 10 дугаар сард явагдах сонгуулиар өөрчлөлт гарвал хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэв.
1 comment
tiim