Ковидын халдвар Монгол Улсад тархаж, дотоодын нөхцөл байдал таагүй байгаа үед Засгийн газар, УОК вакцины татан авалтад анхаарал хандуулж, иргэдийн дунд вакцины хүлээлт үүссээ байсан билээ. Тэгвэл иргэдийн хүлээлтийг үүсгэсэн вакциныг саатуулсан УИХ-ын гишүүнийг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд зарлалаа.
Тэрбээр “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаж яах вэ гэж бодоод чимээгүй явсан. Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Түүний гэр бүлийн хүн Өлзийбүрэн байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй. Би тэр хүнийг хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйлдэл, тэр болон түүний гэр бүлийн хүн дээр гарсан. Цар тахал бол тоглоом биш” хэмээв.
Иргэдийн эрүүл мэнд, амь насыг аврах учиртай Ковидын эсрэг вакциныг саатуулж байгаа нь ард түмнийхээ амь насыг хайрлахгүй байгааг илтгэж байна. Тэгэхээр вакцины хүлээлт нийгэмд бий болж, сүүлийн хөл хорионы дараа вакцин тасарсан нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн вакцин хойшлуулсан улстөржилттэй холбоотой бололтой.
Харин одоо УИХ-ын гишүүн С.Одонтуяа төв талбай дээр улс төрийн эсэргүүцэл илэрхийлсэн АН-ын бүлгийн гишүүдээ дэмжин ажиллаж байгаа. АН-ын хуваагдал хурцадмал болсон тавдугаар сарын 5-ны шөнө С.Одонтуяа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн хамт “АН-ын хуваагдал талцал нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын тэмцлээс үүссэн. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нар яаралтай зөвшилцлийн ширээний ард суу” хэмээн уриалж байсан боловч маргаашаас нь энэ үгээ мартан Н.Алтанхуяг, Ц.Туваан нарын эсэргүүцлийг дэмжин ажиллаж байгаа. Эндээс С.Одонтуяагийн гуйвамтгай байр суурийг харж болох юм.
Н.Батаа