Төв талбайд зарласан өлсгөлөн үргэлжилж байна. Өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн дөрвөн гишүүнийг /Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Д.Ганбат нар. Т.Адьяасүрэн нь эрүүл мэндийн хувьд асуудал гарсан тул эмнэлгийн заалтаар өлсгөлөнгөө зогсоосон/ бусад нь дэмжиж, суулт хийж эхэлсэн байна. СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэснээр хоёр талын маргааныг эцэслэсэн авч О.Цогтгэрэл нар өлсгөлөнгөө зогсоосонгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт өлсгөлөнгийн гишүүдийг эргэж очихдоо “ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид намын тамга хуурамчаар үйлдсэн материалыг хүргэж өгсөн” гэснээс үзвэл тэд С.Эрдэнийн нэрийг татуулах хүртэл явахаар шийдсэн бололтой. Үүндээ МАН-аас дэмжлэг хүсч байгаа юм байна гэдгийг хялбархан ойлгож болно.
Сануулахад, О.Цогтгэрэл нарын зүгээс С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон асуудлаар УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэдөгсөн бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл С.Эрдэнэд олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлж, мөн хэргийг хэлэлцэх шүүхийн процессийг бас түдгэлзүүлсэн билээ.
Хэргийн гуравдагч тал болох С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс шүүгчийн захирамжийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргаснаар шүүгчийн захирамж түдгэлзсэн авч давахын шүүх хурал хуралдалгүй гурван сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа юм. Захиргааны хэрэг маргааныг шүүхээр хэлэлцэх цаад талын хугацаа 60 хоног боловч, О.Цогтгэрэл нарын зүгээс өнгөрсөн хугацаанд гурван удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Өнгөрөгч пүрэв гаригт гурав дахиа товлогдсон шүүх хуралдааныг “шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй” гэдэг шалтгаанаар шүүх хурлыг мөн л хойшлуулах хүсэлт гаргасан. Ирэх пүрэв гаригт /2021.05.13/ шүүх хурлыг дахин товлоод байгаа. Хэрэвзээ Х.Баттулга нь МАН-тай тохироод, С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүйд тооцуулж чадвал түүнийг нэр дэвшигчээс буцаан татах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. МАН ч гэсэн ийм саналаас татгалзаж чадах болов уу?
Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг “МАН-тай нийлж АН-ыг худалдлаа” гэдэг хар пиарыг хамгийн их хийсэн нөхөд эсрэгээрээ өөрсдөө МАН дээр гүйж очоод “АН-ын тамгыг хуруугаад өгөөч” гэж гуйж гувшиж явна. Гэхдээ энэ нь АН-ын Х.Баттулгад өгөхгүй гэж тэмцсэн С.Эрдэнэ гэдэг хувь хүнийг дарж авах гэсэн хонзогнол уу? эсвэл МАН-ын хөлд дор АН-ыг хаяж өгөөд ч хамаагүй амиа аврах гэсэн Х.Баттулгын төлөөс үү?
Эх сурвалж: I NEWS.mn