Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хална гэж мэдээлж байна. Тэгвэл танд зориулж нэгэн товч зөвлөгөө өгье.
Аагим халуун өдрүүдэд иргэд халуун наранд халсан хуванцар савтай ус, ундаа уух нь хорт хавдар үүсгэдэг байна. Учир нь хуванцар саван дахь химийн бодис нарны гэрэлд урвалд орсоноор хорт бодис үүсч шингэн зүйлтэй холилддог аж. Хуванцар савтай ус, ундааг дөрвөн цаг наранд байлгахад савтайгаа урвалд орж бисфенол А, меламин, хар тугалга болон химийн олон хорт бодисууд ялгардаг гэнэ.
Бисфенол А нь тухайлбал, бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдар үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг байна.
Мөн хар тугалга болон миламин, бусад химийн олон хорт бодисын нөлөөгөөр чихрийн шижин, үргүйдэл, арьсны өвчин, мэдрэлийн согог зэрэг олон төрлийн өвчний үүсвэр бий болдог гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг юм.
ТҮЦ, ил задгай, гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчид ус, ундаагаа аль болох сүүдэрт тавьж зарахыг хичээдэг ч нарны нөлөөгөөр халсан агаарын температурт мөн халсан байдаг билээ. Зарим иргэд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч хоолой нь өвдөхөөс сэргийлэх үүднээс бүлээн ус, ундаа авч өгдөг. Мөн автомашин дотор ч хүйтнээр нь авсан уух юм халж орхидог. Тэгвэл эдгээр тохиолдлоор халсан шингэн хэрэглэвэл хүний биед сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсэх эрсдэлтэй болохыг дахин дахин анхааруулж байна.
Харин амны цангаагаа тайлахдаа аль болох шилэн савтай ус, хярам хэрэглэх нь хамгийн тохиромжтой болохыг мэргэжилтнүүд зөвлөдөг гэдгийг бодолцоорой.