УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.06.07) Бүгд Найрамдах Серби Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков, Бахрейн Улсын Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа.
ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллаж байгаа юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ОУПХ-ноос Монгол Улсад хүний эрхийг хангах, хамгаалахад онцгой анхаарч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, тус холбооноос тавьсан хүсэлтийн дагуу иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзах нөхцөл боломжийг бүрдүүлсэн талаар танилцууллаа.
Мөн ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар Монголын шүүхээс гарсан шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулснаа онцлон тэмдэглэсэн юм.
ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг маш амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Мөн тэрбээр, томилолтынхоо хугацаанд хэрхэн ажиллах талаараа танилцуулаад, Түр хороо идэвхтэй ажиллаж байгааг онцлов.
Төлөөлөгчид УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Түр хорооны гишүүдтэй уулзаж, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн талаараа дурдаад, парламентын зүгээс нээлттэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-аар саяхан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцэж, хүний эрхийг хамгаалахад цаашид анхаарч ажиллах чиглэлийн талаар УИХ-ын тогтоолоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхөөр болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч энэ хэргийн талаарх мэдээллийг танилцуулсан. Хүний эрхийг хамгаалах тогтолцоог шинэчилж, хүний эрхийг хамгаалагчдыг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий. Гэхдээ парламентаас хууль батлах нэг хэрэг, түүнийг бодит хөрсөнд нь буулгаж, хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ дурдсан.
Хатагтай Александра Жерков шийдвэр гаргадаг ч түүнийг хэрэгжүүлдэг байгууллагууд дээр зөрчил гарч байна. Тухайлбал, хэргийн холбогдогч нартай холбоотой шүүхийн шийдвэрүүдийг үзэхийг хүссэн боловч шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл олгохгүй байгаа нь үүнийг илтгэж байна. Эдгээр шүүхийн шийдвэрүүд нь нууцын зэрэглэлээс гарсан гэж ойлгож байгаагаа УИХ-ын даргад уламжлав.
Шүүх засаглал бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг институт. Үндсэн хуульд тусгасан эрх мэдлийн хуваарилалтын дагуу УИХ-аас шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөгөө талаар бид тогтолцоог шинэчилж, хандлагын өөрчлөлт хийх шаардлага бий. Ардчиллын үнэт зүйл нь хүний эрхийг хамгаалахад оршдог. Парламентын зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглал хоорондын хяналт-тэнцлийг хангах, шударга ёсыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг гэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.