Орон нутгийн ИТХ-ын сонгуулиас хойш бүтэн дөрвөн сар Засаг даргагүй байсан Баянзүрх дүүргийн шинэ Засаг даргыг өчигдөр (2017.03.02) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд батламжилсан. Гэвч өнөөдөр шинэ Засаг дарга Э.Бат-Амгаланг эсэргүүцсэн хүмүүс Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст нэлээдгүй ачаалал өгч эхэллээ. Энэ дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хойш Засаг даргын хэрүүл зарга тасраагүй. Орон нутгийн сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-ын 19 нэр дэвшигч, АН-ын 22 нэр дэвшигч ялалт байгуулсан.
Гэсэн ч АН-ын гурван нэр дэвшигчийн сонгуулийн дүнгийн асуудал маргаантай байсан учир дүүргийн ИТХ Засаг даргаа сонгох боломжгүй болж өнөөдрийг хүрсэн юм. Энэ гурван гишүүний асуудал Захиргааны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд ИТХ бүрэн эрхийнхээ дагуу Засаг даргаа сонгох ёстой гэж тэд үзэж байгаа юм байна. Яг одоо Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадаа цуглаж, шинэ Засаг даргыг хүлээж авахгүй гэсэн иргэдийг цагдаагийн алба хаагчид тараах оролдлого хийж байна.
Харин болж байгаа үйл явдал 2012 оны ИТХ-ын сонгуулийн дараах үйл явцыг сануулж байгаа юм. Энэ сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд мөн ижил маргаан өрнөж байв. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 22 суудлыг авсан дүүргийн МАН 2012 оны 12 сарын 7-нд хуралдаж, АН-ын хоёр төлөөлөгчийн хамт Засаг даргаараа Р.Дагвыг нэр дэвшүүлсэн. Гэвч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл батламжлаагүй юм. Тэр үед дүүргийн ИТХ дахь АН-ын төлөөлөл МАН-ын таван нэр дэвшигчийг шүүхээр шалгуулах ёстой гэж эсэргүүцэн томилгоог гацааж байсан билээ.
Мөн онд хүч түрэмгийлж, хууль зөрчин Засаг дарга томилсон маргаан Налайх дүүрэгт мандсан. Мөн л 12 дугаар сарын 7-нд тус дүүргийн ИТХ хуралдаж ИТХ болон Засаг даргаа томилсон нь хэл ам дагуулсан юм. Дүүргийн ИТХ-д 12 суудал авсан АН-ын төлөөлөгчид МАН-ын 11 төлөөлөгчгүй хуралдаж, МАХН-ын хоёр төлөөлөгчийг хуралд суугаагүй байхад суусан гэх протокол үйлдэн Улаанбаатар хотын захирагчаар батламжуулсан түүхтэй.
Илт хууль зөрчин дур зоргоор авирлах үзэгдэл нийслэлийн дүүргүүдэд гарч дуусаагүйн бас нэг жишээг 2012 онд Багануур дүүрэг үзүүлсэн байгаа. Тус дүүрэгт МАН олонх болж анхдугаар хурлаа зарлаж, Засаг даргаар томилох хүний нэрийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даргад барьсан ч дүүргийн Сонгуулийн хорооноос ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх авч, бүрэн эрхээ баталгаажуулаагүй явсан дүүргийн ИТХ-д сонгогдсон АН-ын гишүүд гэнэт хуралдаж, өөрийн хүнээ Засаг даргад нэр дэвшүүлж байв. Илт хууль зөрчин ИТХ, Засаг дарга томилох гэж хичээсэн энэ үйлдлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өөгшүүлж байсан бол дөрвөн жилийн дараа Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг юу гэж нэрлэвэл зохилтой вэ. Мэхт мэхэндээ гэх үү, Засаг даргаас Засаг даргад халдсан “вирус” гэх үү?
Д.ХАЛИУН