Араб гаралтай Ливаны цагаач, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагч, жагсаалчин, цуглаанчин, илтгэгч Ральф Нэйдэрийн тухай Баабар хэдэн жилийн өмнө бичсэн байдаг. Нэйдэр хэмээгч гудамжны тэмцэгч энэ эр өөрийгөө нийгмийн зүтгэлтэн хэмээн АНУ даяар ойлгуулж, иргэдийнхээ тархийг угаан, сүгсэлзсэний хар гайгаар Америкийн автомашины үйлдвэрлэл навс унаж, зах зээлийг нь Япон, Солонгос автомашинууд эзэлж, америкт үйлдвэрлэсэн машинууд үнэгүйдсэн тухай нийтлэлд дурдсан байдаг. Америкийн эдийн засагт хорлонтой нөлөөлсөн Нэйдэр шиг эрчүүд манайд ч бий. Нийтлэлийн дараа хоржоонтой монголчууд улсынхаа эдийн засагт хорлонтой нөлөөлсөн иргэний нийгмийн тэмцэгчдээ жагсаан нэрлэж байгаад дотоодын сүгсэлзүүрүүдийн толгойлогчоор С.Ганбаатарыг нэрлэсэн юмдаг.
Гэхдээ С.Ганбаатар өөрийгөө “сүгсэлзүүр” гэж дуудуудах дургүй. Хувийн ашиг хонжооний төлөө нийгмээ тэмцэлд уруу татдаг, нийтийн ашиг сонирхол гэж нэрлэсэн хэрнээ зөвхөн амин хувийн ашиг хараад жагсчихдаг хүмүүс “сүгсэлзүүр” гэсэн үгэнд яаж ч дуртай байх билээ дээ. Ийм хүмүүсийн оюун санаанд хэзээ ч ард түмний төлөө зүтгэх бодол төрдөггүй. Тэдэнд “Ардын баатар” мэт харагдуулах сэдэв, тайз хоёр л чухал.
Хошин шогийн өндөр мэдрэмжтэй монголчууд С.Ганбаатарт “сүгсэлзүүр” нэрийг онож өгсөн юм. Учир нь тэр улс төрд орж ирсэн бүх цаг үеийнхээ турш яг хэрэгтэй, онцын чухал үед ард түмэнтэйгээ хамт байгаагүй юм. С.Ганбаатарыг “босоо” явах үед Н.Алтанхуягийн Засгийн газрынхан бондын мөнгөөр гараа угааж байсан. С.Ганбаатар юу ч үзээгүй, хараагүй мэт таг чиг л байсан. С.Ганбаатарыг “босоо” явахад Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах ажил өрнөсөн. Тэр бас л амандаа бүлх залгисан мэт дуугүй байсан. С.Ганбаатарыг “босоо” явах үед Ц.Элбэгдорж шүүх, прокурор, Ерөнхийлөгчийн институдыг холбосон шударга бусын хонгил үүсгэсэн. С.Ганбаатар чимээгүй л суусан.
Ц.Элбэгдоржийг явснаас хойш шүүх, прокурор, Ерөнхийлөгчийн институдыг холбосон цоо шинэ шударга бусын хонгил үүссэн. С.Ганбаатар аанай л хараагүй мэт дээгүүр сэвэлзэн алхаж яваа. Хонгилын сүлжээ, зангилаа илэрч хуулийнхны данс, мөнгөн гүйлгээ гарч ирлээ. С.Ганбаатар юу ч олж хараагүй мэт таг чиг л байна. Ковид дэгдэн гадаадад мянга мянган иргэн хашигдсан. Тэд эх орондоо ирэхээр зүтгэсэн ч чадаагүй. Муу нэртэй С.Эрдэнийн хүү л гудамжинд орилж явсан болохоос С.Ганбаатар амнаасаа алт унах гэж байгаа юм шиг үгээ харамласан. Ковидын хөл хорио Нарантуулын мянга мянган худалдаачдын орлогыг тасалдуулж, олон зуун айлын өрхийн орлого тасарч байна. Гэвч өөрийгөө эх оронч, ард түмний төлөө зүтгэлтэн гэж ойлгодог С.Ганбаатар энэ бүгдийн хажуугаар “сохор” зөрж байгаа нь үнээн.
Чин үнэндээ бол ард түмний төлөө цохилох зүрхгүй энэ хүнээ манайхан бүр яг оноод “сүгсэлзүүр” гээд нэрлэчихэж. Харин мөнөөх сүгсэлзүүр маань Оюутолгой, оффшор гэх мэт мөнгө яригддаг сэдэв дээр очоод хачиг шиг наалдчихлаа гэж мэддэг нь шүүмжилдэг болжээ. Оюутолгойг гэрээгээр олон жил дагнан хийрхсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын дөрвөн жил ярьсан оффшор сэдвийг барьж авч УИХ-ын гишүүн Сү.Батболдыг буруутгаж яваа. Гэхдээ С.Ганбаатарын барьсан сэдэв 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг чиглэсэн, Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгч намынхаа нэр хүндийг унагахыг зорьсон зохион байгуулалттай сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг гэдэг нь өнөөдөр нийтэд ил болжээ. Сонгуультай жилийн хавар нуугдмал олон баримтыг ил гаргаж байна. Энэ дунд Ерөнхийлөгч Х.Баттулгын арвын арван оффшор дансны мэдээ ч тууж яваа. Гэсэн хэдий ч манай “худлаа эх оронч” Ганбаад С.Батболдын оффшор л сонин болохоос биш Х.Баттулгын оффшор дансуудыг онцлон сонирхох шинж алга. Мань хүн Ерөнхийлөгчийн оффшор дансны мэдээллийг наадмын дэвжээнд амлаж авчихаад өрсөлдөгчөөсөө халган зугтаадаг бөх шиг тойрон зугтаах аж.
Манай эх оронч Ганбаа яагаад энэ сэдвийг барьж авахгүй байгаа юм бэ гэж иргэд гайхан асууж байна. Энэ сонирхолтой асуултын хариуг ч зарим нь ил хэлж ярьж байна. Х.Баттулга С.Ганбаатарын нутгийн ах болохоор 2021 оны сонгуульд Ганбаа ахдаа туслахаар шийджээ. Эсвэл тэмцлээрээ өрсөлдөгчийг нь муухай харагдуулна, гэхдээ төлбөртэй гэж тохирсон байх гэж хардацгааж байна.
Өнгөрсөн долоо хоногийн турш С.Ганбаатар Сү.Батболдыг телевизийн мэтгэлцээнд дуудлаа хэмээн шоудсан. Бүр “Сү.Батболд надтай мэтгэлцэхээр боллоо” гэж ирээд сэвээд унасан. Харин сүгсэлзүүр УИХ-ын гишүүнийхээ занг мэдэх монголчууд “Мэтгэлцээнээ зарласан өдөр Ганбаа “Сү ирнэ гэчихээд ирсэнгүй, үнэхээр л луйварчин юм байна” гэж ирээд попорч өгөх юм байна хэмээн хувийн мэдээний орон зайдаа бичиж байсан юм.
Хүнээ таних чадвар, зөн совин нь тэднийг хуурсангүй ээ. Өчигдөр Ганбаагийн мэтгэлцээн зарласан өдөр тохиов. SBN телевизийн тайзыг ганцаараа эзэгнэсэн С.Ганбаатар ялсан баатар шиг зогсож, духаа үрчийлгэн чухал царайлж ирээд “Сү ирнэ гэчихээд ирсэнгүй, би зөндөө хэлсэн” гэж байх юм. Сү.Батболд байтугай ямар ч тэнэг улстөрч алдартай попчны “Мэтгэлцээн” гэх реалити шоунд ирж оролцохгүй.
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль угтсан гүтгэлэг, хар пиарын хохирогч болж яваа гэдгээ хэд хэдэн удаа хатуу мэдэгдсэн УИХ-ын гишүүн Сү.Батболд зүгээр суугаагүй. Хуулийн байгууллагад хандан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эсрэг өргөдөл гаргасан юм байна. Энэ өргөдлөөрөө С.Ганбаатарт “телевизийн эфирээр дэлгэх реалити шоуг чинь хөгжөөгөөд яахав, шүүхийн танхимд нээлттэй мэтгэлцээд үнэн худлаа шүүлгэе” гэдгээ соёлтойгоор ойлгуулаад өгчээ. Энэ удаа С.Ганбаатар реалити шоугаа амжилттай үргэлжлүүлж байгаа дүртэй хоцорлоо. Дараагийн удаа шүүхийн танхимд С.Ганбаатарын хулхи нь буусан байвал гайхах хэрэггүй. Учир нь цаасаа судлаагүй байж баримт хэмээн сүгсэлздэг, худлааг үнэн болгон шоуддаг хүмүүс шүүх дээр үргэлж бүдэрдэг, тиймдээ ч шүүх рүү зүглэдэггүй.
Б.ИРЭЭДҮЙ