УИХ-ын сонгуулиас хойш лидерийн хомстол, даргын хямрал нүүрлэсэн АН-ынхан намын даргын суудлын төлөө тасралтгүй зодолдсоор 9 дэх сарынхаа нүүрийг үзлээ. Албан ёсны тамга нь хаана, хэнд байгаа нь ч үл ойлгогдох зодооныг Ерөнхийлөгч Х.Баттулга өрнүүлж байгаа хэмээн АН-ынхан гомдоллож ирсэн. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов хаалга тогшсон энэ үед АН-ынхан наашаа харан бишүүрхэж, цааш харан бухимдсаар намын шинэ даргаа сонгох ажилдаа орлоо.
Улс төрийн хүчтэй сөрөг хүчин уруудан доройтоход Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо өндөр байсан. Тэр л шинэ хонгил үүсгэх гэж мэрийхдээ С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд зэрэг лидерүүдийг шоронд хийсэн. Сүүлийн жилүүдэд АН-ын эсрэг явуулсан довтолгоо, баривчилгаа Монголын улс төрийн хүчтэй сөрөг хүчний нэр хүндийг гутаасан гэх гомдол АН-ын гишүүдийн цээжинд торж байгаа энэ өдрүүдэд Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах нэгдэл Баттулгын Баасанцогт гэж өмгөөлөгчийн талаар ноцтой баримтуудыг дэлгэсэн юм. Орц, лифтний бичлэг нь олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн өмгөөлөгч Б.Баасанцогтоос АН-ын лидерүүд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, С.Баяр нарын хэргийг хэрхэн шийдэх зураглал гарч ирсэн талаар энэ баримтад дурдсан байгаа. Түүгээр ч зогсохгүй Б.Баасанцогтыг ҮАБЗ-ийн дарга А.Гансүхийн заавраар ажиллаж, шүүгчидтэй хоршин хэрэг шийддэг байж болзошгүй хэмээн Засгийн газрын тэргүүн өчигдөр хэлээд авав. Энэ мэт сүүлийн үед өрнөж буй хачин сонин үйл явц болгоны ард Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр ёс мэт уягдаж байгаа юм.
Гэвч Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх авахын тулд юу ч хийхэд бэлэн байгаа талаар ч намынхан нь ярьж байна. Жишээ нь, АН-ын даргад нэр дэвшсэн 16 хүний талаас илүү нь Х.Баттулгын хүмүүс байна гэсэн “онош”-ийг гишүүд нь ярилцаж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга намын даргын сонгуулиа эхлүүлж байгаа АН-ынханд хандан үг хэлэхдээ Монголын Ардчиллын сүүлчийн цайз болох Ардчилсан нам дотоод талцал, хуваагдлаа эцэс болгох, эрх баригчдын улс төрийн тоглоом болохоо зогсоож, Ардчиллыг харлуулж буй эрх баригчдад хариуг нь өгөх хэрэгтэй хэмээн гэсэн агуулгатай мэдэгдлийг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг дээдэлж явах учиртай болохоос эв нэгдлийг хагалан бутаргаж, нэг улс төрийн намыг нөгөө улс төрийн нам руу турхиран ард түмнээ хуваан талцуулах эрхгүй хүн. Үүгээрээ Ерөнхийлөгчийн АН-ынханд зориулсан энэ үг цагаа олсонгүй. Нөгөө талаар энэ нь АН-ын нэгдэл нягтралд нөлөө үзүүлэхээсээ илүү дахин хуваагдал руу түлхэж мэдэх мэдэгдэл болсон гэдэгтэй АН-ын гишүүд санал нийлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид ойролцоогоор сарын гаруйн дараа тодорно. Ийм богино хугацаа үлдсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг сандаргаж байгаа бололтой юм.
Ийм хүнд өдрүүдэд хуулийг шударгаар хэрэгжүүлэх тангараг өргөсөн шүүх, прокурорууд мөнгө, эрх мэдэлд дулдуйдан гэмт хэрэг шийдсэн гэсэн гомдол олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэлд дэлгэгдэн, Ц.Элбэгдоржийн байгуулсан хонгилын оронд цоо шинэ хонгил байгуулагджээ гэсэн ойлголт нийгэмд газар аваад байгаа. Өмгөөлөгч Б.Баасанцогт болон шүүгчдийн бичлэг цацагдсанаар шинэ хонгил олны анхаарлын төвд орж ирсэн бол эдний ард Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх байж магадгүй байгааг Засгийн газрын тэргүүн зарлаад байна. Араас нь нэр бүхий прокурорууд ч гарч ирнэ, цаг нь болохоор илчилнэ гэж Ерөнхий сайд хэлээд авсан.
Прокурорын байгууллагын удирдлагын томилгоо Ерөнхийлөгчөөс хамааралтай байдаг нь энэ байгууллага Х.Баттулгын мэдэлд оршиж, улс төрчидтэй холбоотой гэмт хэргүүдэд нөлөө үзүүлэх болсон талаар улс төрчид ил далд ярьдаг болоод удаж байгаа. Тиймдээ ч Х.Баттулгын аргалж дөнгөсөн хэргүүдэд АН-аас УИХ-д сонгогдсон А.Адъяасүрэнгийн 100 мянган долларын хэрэг гэгддэг. А.Адъяасүрэн нь олон улсын тээвэр жуучлал эрхлэх компаниуддаа онцгой зөвшөөрөл авахын тулд “Авто тээврийн үндэсний төв”-ийн хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган долларын авлига өгсөн асуудлыг АТГ шалгаж, нийслэлийн прокурор хянаж байсан бөгөөд асуудал УИХ-ын сонгуулийн дуулианд дарагдаад өнгөрч байв. Саяхан Нийслэлийн прокурорын газар нь А.Адъяасүрэнд тайлбар өгөхдөө хэрэг хянан шийдвэрлэхдээ мөрдөгч болон прокурорууд Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг биелүүлээгүй гэж үзсэн болохоос А.Адъяасүрэн нь авилга өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг тодорхой тусгаагүй хэргийг хааснаа мэдэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлээд эхэлсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон олон асуудал үүсэж байгаа нь түүнийг Үндсэн хуулийн цэц рүү хоёр ч удаа гүйхэд хүргээд байна. Нөгөө талаар богино хугацаанд зарим нэг алдааг засан залруулж, оноо авахаар хичээсэн Ерөнхийлөгч өмгөөлөгч Б.Баасандорж болон шүүгч, прокуроруудтай холбоотой дуулианыг дарахаар “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр Т.Ариунаа нарыг Прокурорын байгууллагаас шударга ёс нэхүүлэн гудамжинд гаргасан гэсэн хардлага ч улс төр орчимд яригдаад хэд хонож байна.
Б.ЧИНЗОРИГ