Агуу их Түмэнжаргал Монголын тал нутгаа санаа юу даа

Английн “ВВС” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” олон улсын дуурийн дуулаачдын наадам Уэльсийн нийслэл Кардифф хотноо болж Монголын алдарт дуучин Ганбаатарын Ариунбаатар тэргүүллээ. Тэрээр дэлхийн сор болсон шилдэг дуучид авьяас билиг, хүч чадлаа сорьдог романсын төрөлд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, Монголын дууны шүлгийн нэрт мастер, алдарт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг эгшиглүүлсэн юм.

Жинхэнэ мэргэжлийн дуулаачийн хоолойны чадал чансаа, хэр хэмжээг шалгадаг энэхүү сонгодог бүтээлийг Ариунбаатар хамгийн эгзэгтэй, шийдвэрлэх мөчид сонгосон нь зөв боллоо. Дэлхийн сонгодог урлагийн их тайзнаа ир бяр, авьяас билиг нь тэгширсэн шилдэг дуучны хоолойгоор Монголын тал нутаг ийнхүү цэлийн цэнхэрлэж дуниартлаа. Тус наадмын мэргэжлийн шүүгчид болоод үзэгчид мөн “ВВС” телевизийн сувгийг үзэж байгаа дэлхийн хүн төрөлхтөнд агуу их тайвшрал, баяр бахдал, ер бусын эрчимлиг хүчийг өгч чадлаа. “Монголын тал нутаг” бол хүмүүний сэтгэлийг долгилуулах хүч чадал оршсон гайхалтай бүтээл. Агуу их хүч чадал нь үгийнхээ шидэнд байгаа юм.

Дууны шүлгийн нэрт мастер, гайхамшигт найрагч Түмээ ах минь олон сонгодог бүтээл туурвиж, Монголын урлагийн алтан сан хөмрөгт дархалж үлдээсний нэг нь энэ бүтээл билээ. “Гадны орнуудаар явахад агаар нь таарахгүй халуунд бүгчимдэж, бачимдаад нутаг буцахын түүс болно. Буянт-Ухаад онгоц газардах даруйд агаар нь сэнхийгээд, цээж дэвтээд нэг л сайхан. Тийм их баяр бахдал, уужрал тайвшралыг Монголын цэлмэг хөх тэнгэр, тал нутгаас бие сэтгэлээрээ мэдрэхдээ ийм дуу хийе гэж бодсон” хэмээн дурсдаг сан. Японы Акияама Юми гэж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад дуулж байсан бүсгүй “Монголын тал нутаг яасан сайхан юм бэ” гэж уулга алдаад, энэ тухай дуу хийж өгөхийг Түмээ, Шарав гуай хоёроос хүссэн байдаг. Өмнө нь өөрөө сайхан дуу хийе гэж бодож байсан болохоор их амархан шүлгээ бичсэн гэдэг юм.

“Дүүжүү алсаас ирээд

Дүүрэн амьсгал авахад минь

Мөнхийн уснаас амсах шиг

Цээж цэлмэн уужраад… гэж “Монголын тал нутаг” дуу эхэлдэг. Дүүрэн гэж хайрт хүүгийнхээ нэрийг ах минь дуундаа мөнхөлсөн дөө. “Өдрийн сонин”-ыг төрийн төв хэвлэл “Ардын эрх” байхаас нь Түмээ ах ажиллаж, энэ л редакци, гал тогоонд олон сонгомол бүтээлүүдээ туурвиж, уран бүтээлчийн жаргалыг эдэлж явсаан. “Дууны хорвоо”, “Уяхан цэнхэр хавар” тэргүүт хит дуунуудыг нь өөрийнх нь амнаас сонсч байлаа. 2001 онд Монголын утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагналыг Түмэнжаргал найрагч “Монголын тал нутаг” дуугаараа хүртэж байсан сан. Цом гардан аваад

“…Аяны шувуудын цуваа

Алжаан цуцаж гатлаад

Алаг нүдний үзүүрт

Хаяа хязгааргүй цэлийгээд

Яасан уудам юм бэ

Монголын тал нутаг

Яасан уужуу юм бэ

Монгол хүний сэтгэл” хэмээх алдарт мөрүүдээ үзэгчдийн халуун алга ташилт, хайр хүндэтгэл дор уншиж билээ.

Энэхүү бүтээлийг дэлхийн урлагийн тайзнаас хүн төрөлхтөнд Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий Г.Ариунбаатар дуулахуйд алсын тэнгэрийн нутгаасаа Түмээ ах минь Монголын тал нутгаа санаа юу даа гэх бодол төрж байна. Хүмүүний оршихуйн бэлгэдэл, хөндлөн хөх салхитай Монголын тал нутагтайгаа хүйн холбоотойн учрал ерөөл энэ биз. Тиймдээ ч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын тэргүүн шагналт, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын гран при-гийн эзэн дэлхийн дуучин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”-ийг эгшиглүүлсэн байлгүй. Алсын их тэнгэрийн нутгаасаа элгэн халуун ах минь Монголын тал нутгаа зүрх шимшрэн санаж дээ.

Эх сурвалж: Н.ГАНТУЛГА

4 thoughts on “Агуу их Түмэнжаргал Монголын тал нутгаа санаа юу даа

  1. Нэргүй 2017-06-20 19:01 at 19:01

    Түмэнжаргал ах минь урт наслахгүй яав даа…

    Хариулах
  2. zochin 2017-06-27 12:15 at 12:15

    unekheer saikhan duu

    Хариулах
    1. Нэргүй 2018-03-21 06:57 at 06:57

      Мааш их харамссан.Үнэхээр уран үгийн сонгодог хүн байлаа

      Хариулах
  3. Зочин 2018-03-21 06:57 at 06:57

    Мааш их харамссан.Үнэхээр уран үгийн сонгодог хүн байлаа

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн