Нийслэлийн гурван дүүрэгт үргэлжлэн орсон борооноос болж тог тасарчээ. Хан-Уул дүүргийн Нүхтийн амны зарим хэсгээр болон Сонгинохайрхан дүүргийн Драгон автовокзалын арын орон сууцны зарим байр, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороолол, Баянзүрх дүүргийн Дүнжингарав хороолол, Жанжины гудамж, Ботаник, Амгалан зэрэг газарт цахилгааны гэмтэл учирсан байна.
Мөн Ургах наран хороололоос Хонхор хүртэл зам дагуу, Гачуурт, Шар хоолойн ам, Хуандайн ам тоггүй болжээ. Цахилгааны гэмтэл гарсан эдгээр газрыг сэргээн засварлахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн шуурхай үйлчилгээний 14 бригад ажиллаж байгаа юм байна.
Тус компаниас мэдээлж буйгаар цаг агаарын таагүй нөхцөл байдалд цахилгаан эрчим хүчний хамгаалалт тасарч, зарим шугаманд гэмтэл гарсан гэнэ.