Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11 цагийн ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Амьсгалын замын халдварт өртсөн, хүндэрсэн, хатгаатай байх үедээ харьяа эрүүл мэндийн байгууллагынхаа эмчтэй утсаар холбогдох хэрэгтэй байна” гэдгийг анхаарууллаа.
Учир нь иргэд амьсгалын замын өвчтэй үедээ олон эмнэлэг дамжиж үзүүлэх, мөн эмнэлгийн олон кабинетаар орох гэх мэт үйлдэл гаргаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа мэдэгдээд байна.
Тэрбээр “Амьсгалын замын халдвартай хүнийг тусгаарлах арга хэмжээг эмнэлгүүд шуурхай авах хэрэгтэй байна. Өчигдөр нэг батлагдсан тохиолдол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт түрүү шөнө нь ирсэн байсан. Тус эмнэлэг тухайн өвчтөнийг яаралтай тусгаарлаж, шинжилгээ авсан тул хавьтлын тоо олон биш байлаа. Энэ мэтээр эрүүл мэндийн байгууллагууд амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд байлгаж, тухайн хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажилтны тоог аль болох цөөхөн байлгахад анхаарах хэрэгтэй байна.
Түүнээс гадна иргэд амьсгалын замын халдвартай байхдаа ажлаа хийх тохиолдлууд байгаа. Тиймээс хүн бүр амны хаалт зүүх, ханиад хүрсэн бол олон нийтийн газраар явахгүй, ажлаа аль болох хийхгүй байх шаардлагатай байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай” гэв.
Н.Батаа