Дэлхийн эдийн засгийн форумаас “Ирээдүйн ажлын байрны тайлан 2020”-ийг гаргажээ. Тус тайлангийн хураангуй үр дүнг ОУВС-аас эрхлэн гаргадаг Санхүү болон Хөгжил сэтгүүлд хэвлэжээ. Тус тайланд бизнес эрхлэгч лидерүүд болон хүний нөөцийн стратегичидээс авсан түүвэр судалгааны үр дүнд суурилан ирээдүйд эрэлттэй байх ажлын байр, ур чадваруудын талаар дурджээ.
Ингэхдээ 5 онцлох үр дүнг онцолсон.
Үүнд:
1. Ковид-19 цар тахлаас үүдэн автоматжуулалт хүлээгдэж байснаас илүү хурдан явагдаж, ирэх 5 жилд 85 сая ажлын байрыг алга болгоно
2. Гэхдээ роботын хувьсгал нь 97 сая шинэ ажлын байр бий болгоно. Жишээ нь, өгөгдлийн шинжээч, хиймэл оюун ухаан, машин сургалтын мэргэжилтэн, том өгөдлийн мэргэжилтнүүд, цахим маркетинг болон стратегийн мэргэжилтэн, процесс автоматжуулалтын мэргэжилтэн нь хамгийн эрэлттэй эхний 5 мэргэжил байхаар байна
3. 2025 он гэхэд аналитик сэтгэлгээ, шинжилгээ, асуудал шийдвэрлэх, бүтээлч, уян хатан байдал нь хамгийн эрэлттэй ур чадварууд байх болно
4. Хамгийн өрсөлдөх чадвартай бизнесүүд ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулна.
5. Зайнаас ажиллах байдал хэвээр үргэлжилнэ. Ажил олгогчдын 84 орчим хувь нь цахимаар ажиллах нөхцөлийг илүү сайжруулахаар ажиллаж байна.
Энэ залуу үеийнхнийг тоо бодох, тооцооллыг автоматжуулах суурь мэргэшилтэй, бусадтай нээлттэй, багаар асуудлыг шийдвэрлэх чадвартай ‘төгс’ мэргэжилтэн болохыг шаардаж байна. Манай залуучууд, ирээдүй үе мундаг тул тодорхой хэсэг нь энэ шалгуурыг хангаад л явна, харин ерөнхий масс энэ шилжилтэд бэлэн үү гэдэг асуулт л санаа зовооно.
Эх сурвалж: Gan-Ochir Doojav