Эрчим хүчний яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Засгийн газрын хуралдаанаар Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журмыг баталсан.
Журамд 17-21:00 цагийн хооронд айлууд цахилгаан халаагуур ашиглахгүй, ААН-үүд хэрэглээгээ 20 хувиар бууруулахаар тусгасан. Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар, шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгдсэн.
Иймд 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд гарч буй тул аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байх, үүнд цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн өрхүүдэд энэ заалт хамаарахгүй.
Түүнчлэн бид эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлыг гурван чиглэлээр хийж байна. Одоо ашиглаж байгаа дулаан цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажил үргэлжилж байна.
Мөн дээрх журамд хэрэглэгчийн эрх үүргийг заасан 8 заалт бий. Шинэ хэрэглэгчийн хэрэглээг төрөөс даах төлбөрийг тодорхойлохдоо хэрэглээний гүйцэтгэлийг үндэслэн ижил төстэй хэрэглэгчийн төлбөртэй дүйцүүлэн тооцно гэж заасан байгаа. Хэрэглээний дээд хэмжээг ижил төстэй хэрэглэгчийн дунджаар тооцон гаргана.
Бидний тооцоогоор гэр хорооллын хэрэглэгчид дунджаар сард 35-75 мянган төгрөгийн эрчим хүч хэрэглэж байна. Сүүлийн хоёр өдөрт цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үед хэрэглээ тогтворжиж байна.
Б.Эрдэнэ