Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-оос санаачлан өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа сумдын малчдаас цаг үеийн нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлэх зорилготой судалгааны ажлыг 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Одоогийн байдлаар отор нүүдэл ихтэй болон отор их хэмжээгээр орж хүндрүүлсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв зэрэг 8 аймгийн 75 сум хамгийн их эрсдэлтэй байна. Эдгээр сумдад 44783 өрхийн 18.5 сая мал өвөлжихөөс малчин өрхийн 19.0 хувь буюу 8.0 мянган өрх, нийт малын 27.1 хувь буюу 4.3 сая мал оторлож байна.
Дээрх нутгуудад өнөөгийн нөхцөл байдлыг тодруулахад чиглэсэн мониторингийг тодорхой давтамжтай хийж малчид болон малчдын байгууллага, олон нийтийг бодит мэдээллээр хангах зорилготой тус судалгааг хийсэн юм.
Судалгаанд зорилтот бүс нутгийн 180 хүн хамрагдаснаас 77% нь малчин 13% нь төрийн албан хаагч 10% нь хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдсан бол 18% нь эмэгтэй 82% эрэгтэй оролцогч байлаа. Оролцогчдын 30% нь 200 хүртэл, 36% нь 201-500, 24% нь 501-999, 10% нь 1000-аас дээш толгой малтай малчин хамрагдсан байна. Тухайн сумдын малчдын талаас илүү хувь (55%) нь отор нүүдэл хийж байна.
Өвс, тэжээлийн хүрэлцээ хангамжийн талаар
Малчдын 20% нь өвс тэжээлийн нөөцөө барж дуусгасан байгаа бол 66% нь зах зээлийн үнэ хэт өндөр байна гэжээ. Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дундговь аймагт малын өвс тэжээлийн үнэ хэт өндөр байна. Судалгаанд хамрагдсан малчдын 12% нь өвс тэжээл худалдан авах чадваргүй болсон байна. Өвс тэжээл худалдан авах санхүүгийн боломжгүй болсон малчдын ихэнх нь Говь-Алтай аймгийнх байна.
Малчдын хүнс, эм хэрэгслийн хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ
Малчдын 68% нь хүнсний бүтээгдэхүүний хангамж хангалттай сайн байна гэсэн бол 9% нь олдоц муутай, 23% нь худалдан авах санхүүгийн чадваргүй болсон гэжээ. Говь-Алтай аймгийн Дарви, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баянлиг, Архангай аймгийн Чулуут, Дундговь аймгийн Хулд зэрэг сумдад хүнсний бүтээгдэхүүний олдоц муутай байна. Судалгаанд хамрагдсан малчдын 23% нь хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүгийн чадваргүй болсон байна. Хэрэгцээлэх малаа зах зээлд борлуулж чадаагүй болон борлуулахаар нөөцөлсөн Архангай, Дундговь, Завхан аймгийн зарим малчин өрхүүд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах чадваргүй болсон байна.
Эм хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээг малчдын 70% нь авч чадаж байгаа бол 21% нь авч чадахгүй, 9% нь санхүүгийн чадваргүй болсон байна. Завхан, Говь-Алтай, Архангай, Дундговь аймгийн зарим сумдад малчид эрүүл мэнд, эмийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна. Эмийн үйлчилгээ авах санхүүгийн боломжгүй болсон Говь-Алтай, Дундговь аймгийн зарим сумдын малчид байна.
Зах зээл
Судалгаанд хамрагдсан малчдын 66% нь малын мах, арьс ширээ зах зээлд борлуулж чадаагүй байгаа бол 34% нь хангалттай борлуулсан байна. Архангай, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Завхан аймгийн малчид зах зээлд нэвтрэхэд асуудалтай байна гэжээ.
Зудын эрсдлийг хохирол багатай даван туулах боломж
Зудын эрсдэл тохиолдсон нөхцөлд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь: Өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх (84%), отрын штаб ажиллуулах (13%), усан хангамж нэмэгдүүлэх (3%) гэж малчид үзсэн байна.
Зудын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь: Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх (39%), эрсдлийн сан байгуулах (33%), малын өвс тэжээл тариалах (28%) гэж малчид үзсэн байна.
Нэгэнт зудын эрсдэл бий болж өвөлжилт хүндэрсэн нөхцөлд малчдад нэн тэргүүн үзүүлэх шаардлагтай тусламж, дэмжлэг нь: Малын өвс тэжээл (91%), малчин хүний хүнсний хангамж (7%), түлш (1%), малын эм хэрэгсэл (1%) гэж тус тус үзсэн байна
Энэхүү судалгааг ашигласнаар гарах аливаа үр дагаврыг МБАНХ хариуцахгүй болно.
Эх сурвалж: Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо