УИХ-ын нэгдсэн хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Т.Аюурсайхан гишүүн үг хэлэв.
Тэрбээр ““Ковид-19” коронавирусийн халдвараас үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр засгийн газраас гарсан шийдвэрүүдийн эрх зүйн орчныг УИХ-аар бүрдүүлээд ажиллаж байна.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, гааль, түрээсийн төлбөрөөс хөнгөлөх, хүүхдийн мөнгө нэмэгдүүлэн олгох, хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг дэмжих, түлшний хөнгөлөлт зэрэг олон асуудлыг Засгийн газраас шийдээд хэдэн сарын турш ажиллаж байна.
УИХ-аас бизнес эрхлэгчдээ дэмжих, Монгол банк, санхүүгийн зохицуулах хороог шахах, зээлийн хүүг бууруулах чиглэлээр холбогдох ажлуудыг хийж, зохих шийдвэрүүдийг гаргаж байна.
Харамсалтай нь олон сарын хичээл зүтгэлийг сахилга бат, хариуцлага алдагдсанаас болоод үгүй хийж, халдварыг дотооддоо алдаж, үүнээс болоод нийгэм, эдийн засгийн асар хор хохирол учирч байна.
Монгол Улсын ерөнхий сайд удаа дараа сахилга хариуцлагын асуудлыг ярьсан. Хариуцлагыг тойроод байна. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлдэг, цөлмөдөг, авилгаждаг, байгалийн баялгийг харийнхантай нийлж завшдаг байдал бол сахилга хариуцлагагүйгээс, хариуцлага тооцож чаддаггүйгээс болж байгаа юм.
Ковид-19 вирусийн халдвар дотооддоо алдсан нөхцөл байдал бас л хариуцлагагүйгээс болж байна.
Төмөр замын баяр наадам, тэмцээн уралдаанд ОХУ-аас зочид төлөөлөгчийг хэн оруулж ирсэн юм. Гаднын улс орноос ирж байгаа иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байсан. Бичигтэй ч гэсэн 21 хоног тусгаарлалтад +14 хоног гэрийн тусгаарлалтад байх нөхцөлийг шаардсан биз дээ.
Гэтэл шинжилгээний бичиггүй яагаад нэвтрүүлчихдэг юм. Шинжилгээг хэзээ ч өгсөн юм. Шинжилгээний дараа хаагуур, хэнтэй яаж ч уулзсан юм билээ. Үүнээс болоод халдвар шууд тархсан гэж үзэж байгаа. Хэн оруулдаг юм. Хэн зөвшөөрөл өгдөг юм. Хэн хяналт тавьж байсан юм.
Төрийн албаны доод шатнаас дээд шат хүртэл бүх хүмүүсийг тогтоож, газар дээр нь дор дор нь хариуцлага тооцож, үүнийгээ иргэд олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй.
Төмөр зам дагасан халдвар гээд бараа таваараас халдвар тархсан зүйл байхгүй гэж ойлгож байна. Ачаа бараанаас арчдас аваад тэндээс халдвар илрээгүй гэдэг мэдээллийг бидэнд өгч байна.
Энхсаран сувиллаас жолооч Д гадаадаас ирсэн тусгаарлалтад байсан хүнээс халдвар авсан гэж ойлгож байгаа шүү. Тэр дэглэмийг хэн зөрчсөн, хэн хяналт тавьж байсан юм. Хэн эргэж тойрч байсан юм. Халдвар хамгааллын дүрэм, журамд хэн хяналт тавьж байсан юм.
Тоглолт, үзвэр үйлчилгээ, хошин шогийг ямар дарга нь зөвшөөрсөн юм. Ямар тогтоол шийдвэр байгаа юм харуулах хэрэгтэй.
Ковидын үед дагаж мөрдөх хуулийг баталсан. Хуулиараа зөвхөн УИХ-ын болон аймаг нийслэлийн сум дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн үеэр иргэдийн тодорхой хэмжээний төвлөрлийг, тодорхой журмын дагуу зөвшөөрсөн. Бусад бүх төвлөрлийг хориглосон байгаа шдээ. Энэ хууль 12 дүгээр сарын 31 хүртэл хэрэгжиж байгаа. Цаашдаа сунгагдах нөхцөл байдал үүсч байна. Гэтэл хэн ийм төвлөрлийг бий болгосон юм.
Онцгой комиссын шийдвэр гардаг 100 хувь хэрэгжихгүй байна. Яагаад хэрэгжихгүй байгаа юм. Шинжилгээ аваад систем нь ажиллахгүй, программ нь ажиллахгүй байна. Энэ олон сар тэр программ, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж байхгүй яасан юм. Ийм байдлаар алхам тутамд сахилга, хариуцлага алдагдаад байна.
Асуудлын гол учиг нь сахилга, хариуцлага алдагдсанаас болоод бид ийм нөхцөл байдалтай нүүр тулж байна. Маш их зардал, хүн хүч, хөдөлмөр явж байна.
Ард иргэд хоорондоо маш их талцаж, хагарч байна. Цаашдаа газар дээр нь хариуцлага тооцож, хариуцсан албан тушаалтнууд нь ард иргэддээ үнэн зөвөөр нь мэдээлдэг баймаар байна. Мэдээллийг нууж болохгүй.
Халдвар илэрсэн иргэдийг яагаад овогтой нь регистртэй нь, авгай хүүхэдтэй нь зурагтай нь ил болгосон юм. Хэн тэрийг ил болгосон юм. Үүнээс чинь болоод хүмүүс хувийн чанартай мэдээллээ нуугаад байна ш дээ.
Үүнээс чинь болоод тохиолдлуудыг 100 хувь тандаж, хумьж чадахгүй. Өдөр өдөр, хоног хоногоор хөл хориогоо сунгаад байдаг. Үүнээс болж маш их хүндрэл бэрхшээл гарч байна. Сахилга, хариуцлагаа тооцоод асуудлыг шуурхай шийдээд явахгүй бол арай дэндэж байна” хэмээв.
Н.БАТАА