Америкийн Moderna компаниас боловсруулсан шинэ коронавирусийн эсрэг вакцин дор хаяж 3 сарын хугацаанд халдварын дархлаа тогтоодог гэж анагаах ухааны New England Journal of Medicine сэтгүүл судалгааны үр дүн дээр тулгуурлан бичжээ.
Бэлдмэлийг хамтран боловсруулсан Үндэсний харшил, халдварт өвчний хүрээлэн (NIAID) клиникийн туршилтын нэгдүгээр үеэс эхлэн залуу, хөгшин нийлсэн 34 хүний дархлааны хариуг судлаад энэ дүгнэлтэд хүрсэн байна.
“Хүний биеийн эсэд SARS-CoV-2 вирусийг нэвтрэхээс хамгаалдаг эсрэг биет таамаглаж байсанчлан цаг хугацааны явцад бага зэрэг буурдаг нь харагдсан боловч дахин вакцинжуулалтад хамрагдсанаас хойш 3 сарын дараа бүх оролцогчийнх өндөр хэвээр байсан” гэжээ.
Moderna компани вакциныхаа туршилтын 3 дахь шатанд 30 мянган хүнийг хамруулахад 94,5%-ийн үр дүнг харуулсан гэж арваннэгдүгээр сард мэдээлж байсан. АНУ-ын төрөөс энэ вакциныг боловсруулахад 486 сая доллар гаргасан юм.
Эх сурвалж: Кorrespondent.net
Орчуулагч: Марта