Аравдугаар сарын эхний өдрүүдэд дэлхийн бүх хэвлэлүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп кроноавирусын халдвар авсан нь батлагдан тусгарлалтад орсон талаар мэдэгдэж, хүн амынхаа 200.000 мянгыг цар тахлаар алдаад буй АНУ улс орнуудын анхаарлын төвд дахин хүчтэй өртөөд байна. Төрийн тэргүүнээс нь цар тахал илэрсэн учраас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдрөөс 6-ны хооронд эхлүүлэх байсан гадаад айлчлалаа цуцлахад хүрэв. Тэр уг нь энэ өдрүүдэд Япон, Монгол, Австрали, Энэтхэг зэрэг улс оронд айлчлах ёстой байсан ч Ням гаригт албан ёсоор айлчлалаа хойшлуулсан талаар мэдээлжээ.
Доналд Трампт туссан халдвар Ковид-19-ын шинэ голомт үүсэх хэмжээнд хүрэх магадлалтай байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь түүнтэй хамт уулзалт, арга хэмжээнд оролцсон хүмүүсээс халдварын шинэ тохиолдлууд олноороо илэрч эхэлжээ. Эхний ээлжинд Ерөнхийлөгч Доналд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден нарын эхний мэтгэлцээнд оролцсон 11 хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Халдвар тээгчдийн дийлэнх нь хэвлэл мэдээллийн ажилтан, сурталчилгааны ажилтан, мэтгэлцээнийг зохион байгуулагчид байсан гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзсан 50 орчим хүний 10 нь Ковид-19 халдварыг тээжээ
Үүний дараа Нью Жерси мужид болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Доналд Трампт хандив цуглуулах арга хэмжээнд оролцсон 206 хүний 10-аас нь Ковид-19 халдварыг тээсэн болохыг тогтоожээ. Тэдний дунд Нью-Жерси мужийн захирагч асан Крис Кристи, Ерөнхийлөгчийн төлөөлөгч асан Келлэйн Конвей, Бүгд найрамдах намын зөвлөлдөх хорооны дарга Ронна МакДаниел нар байгаа аж. Хандивын уулзалтад оролцсон 50 орчим хүн Доналд Трамптай ганцаарчлан уулзан бөгөөд Ковид-19 халдварыг эхний байдлаар 10 хүн тээсэн болохыг илрүүлээд байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамгийн ойрын хүмүүс болох сонгуулийн сурталчилгааны менежер Билл Степьен, хувийн туслах Ник Луна, зөвлөх асан Кэллиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын гурван сенатор, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронна Макдэниэл, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч болон Баасан гарагийн өглөө Цагаан ордны зүүн жигүүрийн танхимд болсон Дональд Трампын хэвлэлийн хуралд оролцсон 3 сэтгүүлчээс Ковид-19 цар тахалын халдвар илэрч, эмнэлэгт тусгаарлагджээ.
Цагаан ордныг тойрсон халдварын шинэ голомт үүссэнтэй холбогдуулан Ковид-19 цар тахалын шинжилгээг өргөн хүрээнд хийж эхэлсэн бөгөөд Доналд Трампын жолоочийг 14 хоног тусгаарлан, хоёр ч шатны шинжилгээ авахаар болжээ. Доналд Трампаас Ковид-19 халдвар илэрсэн даруйд Бүгд найрамдах намын Удирдах зөвлөл нийт уулзалтад оролцогчдод хандан цахим шуудан илгээж болзошгүй эрсдэлээс хамгаалан өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөсөн байдаг.
Нууц албаны 11 ажилтан коронавирусийн халдвар авчээ
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчийг хамгаалах үүрэг хүлээдэг нууц албаны 11 ажилтан коронавирусээр халдварласан тухай The New York Times сонин мэдээлжээ. Гэхдээ энэ тоо наймдугаар сараас хойш хийгдэж байгаа судалгааны дүн бөгөөд нууц албаны ажилчдаас илрэх халдварын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй гэж АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийг тойрон өрнөж буй Ковид-19 цар тахлын шинэ халдварыг Доналд Трампын шадар туслах Хөүп Хиксээс эхлэлтэй хэмээн үзэж байгаа. Доналд Трампын олон нийттэй харилцах албыг даргалдаг 31 настай Хөүп Хикс нь Ерөнхийлөгчийнхөө албан уулзалт, сонгуулийн сурталчилгаанд дагалдан явахдаа амны хаалт хэрэглээгүй байсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.
В.Жириновский: Трамп анх халдвар авсан гэгдэх тэр зөвлөх эмэгтэйтэйгээ үнсэлцээд л байсан
Доналд Трампын эрүүл мэндэд санаа тавьж Умард Солонгосын удирдагч, Энэтхэгийн Ерөнхий сайд нар түүнд хурдан эдгэхийг хүссэн илгээлт явуулсан бол ОХУ-ын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский “Комсомольская Правда” сонины радиод ярилцлага өгөхдөө:
“Трамп коронавирус туссан нь түүнийг хариуцлагагүй байсных нь төлөө шийтгэсэн хэрэг. Тэр маск огт зүүхгүй байж байгаад Дээд шүүхийн шүүгчийн оршуулга дээр л зүүж харагдсан. Анх халдвар авсан гэгдэх тэр зөвлөх эмэгтэйтэйгээ үнсэлцээд л байсан. Дарга нь цэргээ үнсэж болох л байх. Магадгүй тэр эмэгтэй үнэхээр сайхан сэтгэл татсан бүсгүй байх. Гэхдээ заавал үнсэх алба байна уу? Хүний ам, хамар чинь хамгийн халдвар тараадаг эрхтэн шүү дээ. Трамп хүн болгонтой гар бариад л явах юм. Халдвар авалгүй яах вэ. Одоо тэр яах вэ? Байден надад халдаасан гэж хэлэх үү? Өвчин халдаасан зөвлөх өө халах уу? Хувийн эмч ээ хөөх үү? Цалин авч байж тэр эмч юу хийдэг хүн бэ? Хамгаалалт нь яагаад Трампыг хамгаалсангүй вэ” хэмээн ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп одоогийн байдлаар Уолтер Рийдийн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэсэн ч тэр тусгаарлалтын дэглэмийг зөрчин эмнэлгийн ажилчид болон удирдлагуудаас зөвшөөрөл авалгүй эмнэлгээс гарч дэмжигчидтэйгээ мэндчилжээ. Ерөнхийлөгч Трамп энэ үеэр автомашинаас буугаагүй ч эмнэлгийн ажилтнууд түүний энэ оролдлогыг эсэрцүүцэж эхэлжээ. Вашингтоны их сургуулийн Анагаахын тэнхимийн профессор Жеймс Филлипс гэхэд “Эмнэлэг бол театр биш. Ерөнхийлөгч ч бай, жирийн иргэн ч бай халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Энэ бол маш хариуцлагагүй, солиотой үйлдэл. Улс төрийн театрын золиосондоо жирийн иргэдийг ч оролцуулах ёсгүй. Түүний машиныг жолоодсон хэн нэгэн өвчилж магадгүй, бүр үхэж ч магадгүй. Дахин хэлэхэд энэ бол маш хариуцлагагүй үйлдэл” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: BBC, Нью-Йорк таймс, Вашингтон пост