Жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Алтан намар-2020” хөгжмийн наадам энэ жил 38 дахь удаагаа болох гэж байна.
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран энэ оны 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 15-ныг хүртэл “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” нэгдсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах талаар мэдээллээ. “Алтан намар-2020” хөгжмийн наадам уг хөгжмийн баярын хүрээнд болох аж.
Энэ удаагийн “Алтан намар” хөгжмийн наадам гоцлол, цөөхүүл болон хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэсэн төрлүүдээр Улаанбаатар хотноо болж шилдэг уран бүтээлчид 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн “Монгол туургатан” театрт зохион байгуулах “Бүх нийтийн хөгжмийн баяр” нэгдсэн гала тоглолтын үеэр шагналаа гардах юм. “Алтан намар” хөгжмийн наадмын тоглолтуудыг танилцуулвал:
10 дугаар сарын 30-31-нд Консерваторын концертын танхимд гоцлол цөөхүүл бүтээлийн тоглолт,
11 дүгээр сарын 6-7-нд Улсын филармонийн концертын танхимд хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн тоглолт,
11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн “Монгол туургатан” театрт “Алтан намар-2020” гал тоглолт болон шагнал гардуулах ёслол тус тус болно.
Мөн хөгжмийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд “Морин хуур” оны шилдэг дуу шалгаруулах 33 дахь наадам зохион байгуулагдах юм. “Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 10-ны өдөр Монголын Хүүхдийн ордод эхэлнэ.