“Технологийн бус байгууламжийн инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах эхний гэрээг цахимаар байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УУХҮЯ-ны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцлоо. Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть, химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болох юм.
Элчин сайд М.П.Сингх энэ үеэр хэлэхдээ, “Энэ өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг, хүний эрхийн төлөө тэмцэгч Махатма Ганди мэндэлсэн. Миний хувьд хоёр баярт үйл явдал давхардсан сайхан өдөр гэж бэлгэшээж байна. Энэтхэг, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
“БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Гэрээ байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж байна.
Энэ төсөл нь төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын шат руу шилжлээ гэсэн үг. Гэрээ байгуулахад дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахал цаг хугацааны хувьд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч манай хамт олон болон Энэтхэгийн талаас хүчин чармайлт гаргаснаар ийнхүү ажил хэрэг боллоо” гэж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь инженерчлэл, худалдан авалт, барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC ProjectsIndia” компани шалгарсан.
Тус компани үйлдвэрийн талбайд иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр), ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц зэргийг барина.
EPC-1 төсөл хэрэгжүүлснээр үйлдвэрийн дараагийн технологийн барилга угсралтын ажил эхлэх суурь нь болох юм.
“JMC ProjectsIndia” нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 орчим жилийн туршлагатай компани бөгөөд Энэтхэг болон бусад улс оронд бүтээн байгуулалтын 50 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлжээ.