УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар холбогдох албаныхнаас мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түгжрэлд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 604 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдөр хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. 60-аас илүү хувь нь авто зам ашигласны төлбөр, даатгалаа төлөөгүй гэсэн мэдээлэл байгаа.
Олон улсын түвшинд 1000 хүнд ногдох автомашин 130 хүрэхэд хязгаарлалтад орж эхэлдэг. 1000 хүнд ногдох автомашин 200-250 хүрэхэд хөдөлгөөнийг зарим үед зогсоох байдал үүсдэг. Гэтэл манайд 1000 хүнд ногдох автомашин 330-аас давсан. Тиймээс бид авто замын болон замын байгууламжтай холбоотой хэд хэдэн арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн.
Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийнэ. Ирэх хоёр жилд 900 гаруй тээврийн хэрэгслийн хуулиар тогтоосон стандартын хугацаа дуусна. Өнөөдрийн ханшийн тооцооллоор 600 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хийх боломжтой” гэв.