2020 оны ургацын урьдчилсан балансаар 513 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 237 мянган тонн төмс, 113 мянган тонн хүнсний ногоо, 33 мянган тонн тосны ургамал, 109 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд нийтдээ 398 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэсэн төлөв гарсан байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурил, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, 180 мянган тонн төмс, 251 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай аж. Балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээгээ бүрэн, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувь, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодын ургацаас хангах боломжтой гэдгийг Шадар сайд Я.Содбаатар чуулганы хуралдааны үеэр ургац хураалтын талаар танилцуулахдаа дурдав.
Энэ сарын 1-ний байдлаар 49.6 мянган га талбайг ангилан хадаж, нийтдээ 93.7 мянган га-гаас 121.2 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 115 мянган тонн улаанбуудай, 14.7 мянган га-гаас 194.1 мянган тонн төмс, 5.8 мянган га-гаас 69.7 мянган тонн хүнсний ногоо, 14.8 мянган га-гаас 39.2 мянган тонн тэжээлийн ургамал, 7.7 мянган га-гаас гурван мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Ингэснээр үр тарианы хураалт 24.5 хувь, хүнсний ногооны хураалт 60.8 хувь, төмсний хураалт 79.1 хувийн явцтай байгаа аж.
Улсын хэмжээнд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургацыг хяруу, хүйтрэлтээс хамгаалах, ангилан хадсан тарианы мөрийг эргүүлэх, хатаах төхөөрөмж бэлтгэх, үтрэмийн техникийн ашиглалтыг сайжруулах, хураалтад ажиллах оюутан, цэргийн алба хаагчдын аюулгүй ажиллагаа, байр, цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Шадар сайд мэдээллийнхээ үеэр дурдав.