УИХ-ын ээлжит бус чуулган ойрын үед хуралдаж, Олон улсын валютын сан (ОУВС)-гаас санал болгосон нөхцлийн дагуу улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийнэ. Энэ чуулганаар Монгол Улс төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа танах асуудлыг хэлэлцэж Татварын зарим хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Сангийн яам найман төрлийн татварыг өсгөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх төсөл боловсруулсан байгаа. Үүний долоо нь иргэд, хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч, худалдан авагчдын хэтэвчтэй шууд холбогдож буй юм. Засгийн газраас өргөн барьсан төсөл УИХ дээр хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй ч салбарын яамнаас бэлдсэн яг одоо яригдаж байгаа, татвар нэмэх хувилбарыг нийтэд хүргэе.
Суудлын автомашины онцгой албан татвар
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ.
Тухайлбал, 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.
Ингэснээр төсвийн орлого
- 2017 онд 37.2 тэрбум төгрөг,
- 2018 онд 68.8 тэрбум төгрөг,
- 2019 онд 75.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар
Ирэх сарын (2017.04.01) 1-нээс иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд ирэх оны (2018.01.01) нэгдүгээр сарын 1–нээс эхлэн татвар ногдуулна.
Ингэснээр төсвийн орлого
- 2017 онд 43 тэрбум төгрөг,
- 2018 онд 67 тэрбум төгрөг,
- 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ.
Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар
Ирэх сарын 1-нээс эхлэн (2017.04.01) импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ.
Ингэснээр улсын төсөвт
- 2017 онд 20 тэрбум төгрөг,
- 2018 онд 26 тэрбум,
- 2019 онд 27 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцож байна.
Автобензин, дизель түлшний онцгой албан татвар
Өнгөрсөн оны аравдугаар сарын 5-нд Засгийн газар 109 дүгээр тогтоол гарган автобензин, дизель түлшний онцгой албан татварыг 1.5-2.6 дахин буулгасан. Удалгүй 2016 оны 11 дүгээр сарын 30-нд дахин 166 дугаар тогтоол гаргаж автобензин, дизель түлшний онцгой албан татварыг 1.6-4.3 дахин бууруулаад байгаа. Үр дүнд нь иргэд, аж ахуйн нэгжид 50 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлжээ. Харин ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлмэгц татварын дээрх хөнгөлөлт хүчингүй болох юм. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 1, 2017 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн автобензин, дизель түлшний онцгой албан татвар хоёр үе шаттай буцах юм.
Ингэснээр:
- 2017 онд 103.2 тэрбум төгрөг,
- 2018 онд 227.9 тэрбум төгрөг,
- 2019 онд 253.2 тэрбум төгрөг
Орлогын удирдлагыг сайжруулна
ОУВС, АНУ-ын төрийн сангийн идэвхтэй дэмжлэгтэйгээр орлогын удирдлагыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлыг хийсээр ирсэн. Энэхүү арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн энэ 2017 онд багтаан татварын удирдлагын чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулах, мөн хялбаршуулсан татварын тогтолцоо бий болгох хуулийн төслийг боловсруулах юм байна.
Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно
Ирэх оны нэгдүгээр сарын 1–нээс (2018.01.01) эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулна. Түүнчлэн бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
- 2018 онд 120 000 төгрөгийн,
- 2019 онд 160 000 төгрөгийн,
- 2020 онд 200 000 төгрөгийн,
- 2021 оноос эхлэн 240 000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Ингэснээр:
- 2018 онд 73.3 тэрбум төгрөг,
- 2019 онд 50 тэрбум төгрөг,
- 2020 онд 16.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой
Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ
Энэ шимтгэлийг:
- 2018 онд 2 хувиар,
- 2019 онд 1 хувиар,
- 2020 онд 2 хувиар нэмэгдүүлнэ.
Нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 11 хувь төлдөг. Үүнийг 2018 онд ажилтан, ажил олгогч тус бүр нэг нэг хувиар нэмэгдүүлэх тооцоо хийгдсэн байгаа.
2019 оны 1 дүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 11.5 хувь, ажил олгогчийнх 12.5 хувь болно. 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 12.5, ажил олгогчийнх 13.5 хувь болж нэмэгдэнэ.
Архи, тамхины онцгой албан татвар
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, архи, тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг
- 2018 онд 10 хувь,
- 2019 онд 5 хувь,
- 2020 онд 5 хувь нэмнэ.
Ингэснээр:
- 2018 онд 13.1 тэрбум төгрөг,
- 2019 онд 21.9 тэрбум төгрөг,
- 2020 онд 25.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх боломжтой гэж тооцжээ.
2 comments
Орлогын удирдлагыг сайжруулна гээд татвар нэмээд байхын, хараа хяналтгүй зардал, үрэлгэн байдал, тендер, хөрөнгө оруулалт нэрээр асар их мөнгө үр ашиггүй зарлагадаж байгаа шүүдээ. Зардалаа танах хасахаа бус, орлого нэмэх нэрийдлээр иргэдийн орлого руу дайрч байгаа нь буруу. Шаардлагагүй хөрөнгө оруулалт, эд хогшил, сургалт, томилолтын зардлаа Төр засаг барьж байгаа хүмүүс өөрсдөө багасгах хэрэгтэй.
босцгоо