Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино дэлхий даяар нээлтээ хийж буй бол Монголд ч мөн эл кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Тус кинонд жүжигчин, модель Б.Ганчимэг гол дүрд нь тоглосон бол Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүрийг бүтээжээ. Уг кинонд Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нар гол дүрүүдэд хамтран тогложээ.
Жүжигчин Б.Ганчимэг дэлхий дахинд Gana Bayarsaikhan нэрээр танигджээ. Б.Ганчимэг Холливудын 10 гаруй кинонд тоглосон ба түүний дүр бүтээсэн “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), “Ronan-47” (2013) кинонууд нь алдартай.
Лондонд жүжигчний мэргэжил эзэмшсэн Б.Ганчимэг Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг. Б.Ганчимэг уран бүтээл, ажлынхаа хажуугаар Монголдоо ойр ойрхон ирж, ах дүүсийнхээрээ зочилдог аж.
Энэхүү кинонд Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэж нэрлэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал цуу ярианаас үүдэж Эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовоодог.
Харин Эзэнт гүрний мэдлийн хот руу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөгөөгүй довтолгоонд бэлтгэнэ. Хот зэрлэгүүдийг хүлээнэ. Эцэст нь жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг ойлгуулах болно. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай кинонд өгүүлэх юм.