Малайзад өнөөдөр (2017.03.01) Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал болжээ. Шүүх хурал өндөржүүлсэн хамгаалалт дор хийгдсэн байна. Ким Жун-намыг химийн хорт бодисоор хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа Индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарт сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн байна.
Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох магадлалтай байгаа. Дун Ти Хун шүүх хурал дээр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ. Ял оноох шүүх хурал дөрөвдүгээр сард болох гэнэ. АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Жун-намыг хөнөөх ажиллагааг Хойд Солонгосын нууц ажилтнууд зохион байгуулсан гэж мэдээлж байна.