Газрын тосны үнэ дэлхий дахинд буурснаас үүдэн өнгөрсөн хавар шатахууны үнийг 500 орчим төгрөгөөр үе шаттай буулгасан билээ. Улмаар долдугаар сар хүртэл шатахууны үнэ тогтвортой байсан ч сүүлийн долоо хоногт ШТС-ууд жижиглэнгийн үнээ нэмсэн байна.

Тодруулбал, АИ-92, АИ-76, 80 ангиллын шатахууны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд тогтвортой байсан ч зарим ШТС литр тутамд 50-100 төгрөгөөр үнээ нэмжээ. Одоогийн байдлаар “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх газрууд үнийг 50 төгрөгөөр нэмж, АИ 92 шатахуунаа литр тутамд 1450 төгрөгөөр тус тус түгээж байна. Харин “M-OIL” “Жаст ойл” зэрэг компаниуд үнэ нэмэлгүй АИ-92 шатахуунаа литр тутамд 1320 төгрөг, АИ-95 шатахуун 1800 төгрөгийн үнээр борлуулж байна.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг.

Өнгөрсөн тавдугаар сард шатахуун импортлох гэрээг ам.долларын ханш 2795 төгрөг байхад хийсэн. Тухайн гэрээнд ханшийн зөрүү 50 хүртэлх төгрөг дотор литр тутмын үнийн зөрүү явагдахгүй бөгөөд 50 төгрөгөөс дээш гарсан үед литр тутамд үнэ нэмэгдэнэ гэж заасан байдаг.

Ц.Эрдэнэбаяр:Цаашдаа шатахууны үнийг энэ оныг дуустал хямдарсан ...

Харин валютын ханш өсөж ам.доллар 2845 болж 50 төгрөгийн зөрүү гарч эхэлснээс шатахууны үнэ өссөн. Нийт хэрэглээний 32 орчим хувь нь АИ-92 ангиллын шатахуун эзэлдэг. Бид тус  ангиллын шатахуунд үнийн зохицуулалтыг хийж, урт хугацааны турш тогтвортой байлгах бодлогыг авч хэрэгжүүлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2.4 орчим хувь өсөж үүнтэй холбоотой шатахууны үнэд өөрчлөлт орсоор байна” гэлээ.

Цаашид ам.долларын ханш өсвөл АИ92 шатахууны үнэ өснө. Харин гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ өссөн ч дотоодод шатахууны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийсэн гэдгийг албаныхан хэлэв. Одоогийн байдлаар манай улс нэг сарын шатахууны нөөцтэй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн