Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлыг холбогдох тулгуур яамд анхаарч, уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй гэлээ.
Өмнөх жилүүдийн алдаа нь салбарууд тус тусдаа хөгжил ярьсаар, хүнээ хөгжүүлэх асуудал дунд нь орхигдсоор ирсэн. Хэдийгээр хүний хөгжлийн асуудал ХНХЯ-ны эрхлэх асуудалд байгаа ч салбар бүрийн уялдаа холбоогүйгээр энэ ажил урагшаа явдаггүй. Иймээс эхний ээлжид хамтарсан ажлын хэсэг гаргаж, яамдууд идэвх санаачилгатай ажиллах ёстой гэдгийг хэллээ.
Сайдууд тус тусын салбарынхаа хүний хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах санал, хийх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж байгаа асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цэцэрлэг, сургуулийн хөтөлбөр агуулгад олон улсад үнэлэгдэх Монгол хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилга бий, үүнд анхааран ажиллах болно гэлээ.
Соёлын сайд С.Чулуун: Хүний хөгжил зам барихтай адил ажил биш тул аажимдаа хөрсийг нь сайн суулгах асуудал. Иймээс шинээр байгуулагдсан Соёлын яам Хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно гэдгээ онцоллоо Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг, хүний хөгжлийг ярихгүйгээр салбарын хөгжил ярих боломжгүй гэдгийг сайдууд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, “Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулах гэж байна. Өмнөх хөгжлийн бодлогуудаас өөр гэдгийг анхаарах ёстой. Иймээс бүх салбарууд үүнд хойш суулгүй, ажил хэрэгч хандахыг хүсэж байна” гэлээ.