Засгийн газраас зорилтот бүлгийн өрхийг дэмжих зорилгоор “Түрээслүүлээд өмчлүүлэх журам”-ыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан билээ. Үүний дагуу Төрийн орон сууцны корпораци нь одоогоор 80 орчим түрээслэгч өрхтэй өмчлөх гэрээ байгуулсан байна.
Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолоор анх Буянт-Ухаа II хорооллын 564 орон сууцыг түрээслүүлэх журам гаргаснаар иргэдтэй түрээсийн гэрээ байгуулсан. Үүний дараа 2019 онд Засгийн газраас баталсан 138 дугаар тогтоолын “Түрээслүүлээд өмчлүүлэх журам”-ын дагуу түрээслэгч иргэдтэй өмчлөх гэрээ хийж эхэлсэн байгаа. Энэ гэрээний хамгийн том давуу тал нь түрээслэгч нар байраа өөрсдийн нэр дээр өмчлөх эрхтэй болж байгаа юм. Түрээслээд өмчлүүлэх гэрээг журмын дагуу хоёр нөхцлөөр хийж байгаа.
Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан өрхүүд гэрээ байгуулснаар түрээслээд амьдрах таван жилдээ багтан байрны урьдчилгаа болох 30 хувийг сар бүр хуваан төлж дуусгаснаар арилжааны банкнаас ипотекийн зээл авах боломжтой болох юм. Эсвэл түрээслээд амьдрах таван жилдээ багтаан байрны бүх төлбөрийг төлж барагдуулан өмчлөж болно.
Энэ нь урьдчилгаа төлбөргүй, зорилтот бүлгийн өрхөд өөрийн гэсэн орон сууцтай болох том боломж болж байгаа юм. Иргэд өмчлөх гэрээгээ эрт байгуулах нь ашигтай. Учир нь байрны урьдчилгаа болох 30 хувийн хуримтлал эрт үүсээд хадгалагдаад явна гэсэн үг аж.
Төрийн орон сууцны корпораци нь эхний ээлжинд Буянт-Ухаа-2 хороолол болон Хангай хотхоны түрээслэгч нартай өмчлөх гэрээ байгуулахаар ажиллаж эхлээд байгаа юм. Харин хөдөө орон нутагт наймдугаар сарын дундаас эхлэн гэрээ байгуулах аж.
Л.Баяр