Улсын төсөв энэ оны эхний зургаан сарын байдлаар 2.2 их наяд төгрөгөөр тасраад байгааг ҮСХ-ноос мэдээлэв. Төсвийн зарлага болон зээлийн хэмжээ өссөн, орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого буурсан нь алдагдалд нөлөөлөв. Манай улс хамгийн сүүлд буюу 2016 онд 3.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Үүнээс хойш улсын төсвийн тэнцэл эерэгжих тийшээ хандаж байв.
Тэгвэл нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэлийн төсөв ч энэ онд алдагдалтай байна. Нийслэлийн төсвийг нийслэлийн ИТХ баталдаг. 2019 оны арван хоёрдугаар сард баталсан тогтоолд 2020 оны нийслэлийн төсвийг дараах байдлаар төлөвлөжээ:
ОРЛОГО 1.2 их наяд төгрөг
- Татварын орлого 1 их наяд төгрөг
- Татварын бус орлого 161 тэрбум төгрөг
- Тусламжийн орлого 25 тэрбум төгрөг
НИЙТ ЗАРДАЛ 892 ТЭРБУМ ТӨГРӨГ
- УРСГАЛ ЗАРДАЛ 575 тэрбум төгрөг
- НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАРДАЛ 332 тэрбум төгрөг
Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 319 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар өсгөсөн дүн юм. Гэвч нийслэлийн төсөв 203 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа тул улсад орлого төвлөрүүлэх биш харин ч улсын төсвөөс дэмжлэг хүсэх шаардлага үүсэв.
Уг нь 2016 оноос хойш нийслэлийн төсвийн тэнцэл өсөж, 2019 онд 289 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байв. Харин өнгөрсөн зургадугаар сарын байдлаар нийслэл 618 тэрбум төгрөгийн зарлага гаргаж, 203 тэрбум төгрөгийн тасалдал үүсжээ.
Учир нь
Татварын орлого 149 тэрбум төгрөг (задлан харуулбал)
- Орлогын албан татвар 93 тэрбум төгрөг
- Хувь хүний орлогын албан татвар 100 тэрбум төгрөг
- Үйл ажиллагааны орлого 4.8 тэрбум төгрөг
- Хөрөнгийн орлого 7.3 тэрбум төгрөг
- Хөрөнгө борлуулсны орлого 2.9 тэрбум төгрөг
- Шууд бус орлого 17 тэрбум төгрөг
Хөрөнгийн албан татвар 25 тэрбум төгрөг
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 17 тэрбум төгрөг
- Бууны албан татвар 93 сая төгрөг
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 7 тэрбум
Бусад татвар 30 тэрбум төгрөг
- Улсын тэмдэгтийн хураамж 1.3 тэрбум төгрөг
- Хог хаягдлын үйлчилгээний хураамж 3.9 тэрбум төгрөг
Газрын төлбөр 22 тэрбум төгрөг
Татварын бус орлого 54 тэрбум төгрөг
Өмч хувьчлалын орлого 45 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ.
ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ ДҮҮРГҮҮДЭЭР ХАРУУЛБАЛ СҮХБААТАР ДҮҮРЭГ ХАМГИЙН ИХ БУЮУ 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ
- Багануур 69 сая төгрөг
- Багахангай – Алдагдал байхгүй
- Баянгол 4.5 тэрбум төгрөг
- Баянзүрх 12.1 тэрбум төгрөг
- Налайх 357 сая төгрөг
- Сонгино хайрхан 5.8 тэрбум төгрөг
- Сүхбаатар 20 тэрбум төгрөг
- Хан-Уул 8.3 тэрбум төгрөг
- Чингэлтэй 3.2 тэрбум төгрөг
- Улаанбаатар шууд буюу нийслэлийн удирдлага 149 тэрбум төгрөг байна.
Хэдэн тэрбумаар хэмжигдэх энэ их алдагдал яагаад үүсэв?
КОВИД19-ийн улмаас, онцгой нөхцөл байдал үүслээ, хот төдийгүй улс даяар эдийн засаг хэцүүдсэн, гадаад худалдаа саарсан, аялал жуулчлал зогссон гэх мэтээр нийслэлийн удирдлагууд хариулах нь дамжиггүй. Ийм олон тэрбум төгрөгийн алдагдлын улмаас энэ онд нийслэлд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын олон ажил саатсан нь дамжиггүй. Уг нь энэ онд нийслэлийн төсвөөс 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байв.
Ямартаа ч хотын өмнөх дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж албан тушаал дэвшсэн. Гурван тэрбум төгрөгөөр хотын төв дэх цэцэрлэгт хүрээлэнг зөрүүдлэн байж бариулсан дарга маань 203 тэрбум төгрөгийн алдагдалтай хотыг дараагийн удирдлагуудад үлдээгээд явжээ.
Эх сурвалж: Нийслэлийн иргэдийн төсөв 2020