Ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нарын дурсамж номыг хэвлүүлэхээр АНУ-ын хэд хэдэн компани өрсөлдсөн байна. Тэднээс “Penguin Random House” хэвлэлийн компани ялалт байгуулж, Обамагийн гэр бүлтэй гэрээ байгуулсан тухайгаа мягмар гаригт (2017.02.28) зарлажээ.
Гэрээний дүн 60 сая ам.доллар давсан гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. 2004 онд Билл Клинтон “My Life” дурсамж номоо 15 сая доллараар, Жорж Буш “Decision Points” номоо 10 сая доллараар хэвлүүлэх гэрээ байгуулж байжээ. Энэ удаа Обамагийн гэр бүлийн ном өмнөх Ерөнхийлөгчдийн дурсамж, намтрын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.
Экс ерөнхийлөгч, экс тэргүүн хатагтай нар номоо тус тусдаа бичиж хамтад нь борлуулах аж. Хэвлэлийн компани номын нэр юу болох, хэзээ худалдаанд гарах вэ гэсэн нарийн мэдээллийг өгөөгүй байна. Дашрамд хэлэхэд, “Penguin Random House” хэвлэлийн компани анх удаа Обаматай хамтарч ажиллаж байгаа юм биш. 1995 онд тэд Барак Обамагийн “Dreams from my Father” номыг хэвлүүлэхдээ эзэнд нь 6.8 саяыг төлсөн бол 2006 онд хэвлэгдсэн “The Audacity of Hope” ном нь зохиогчдоо 8.8 саяын орлого авчирч байжээ.