Парис-Бордогийн хурдан галт тэрэгний үйлчилгээний нээлтэд үг хэлж байсан Ерөнхийлөгч Франсуа Олланд руу мягмар гаригт (2017.02.28) санамсаргүй гал нээсэн хэрэг гарчээ. Сум Ерөнхийлөгчийн үг хэлж байсан индрийн ойролцоо тусаж, хоёр хүний хөлийг хөнгөн шархдуулжээ. Тэдний нэг нь хурдан галт тэрэгний зөөгч, нөгөө нь төмөр замын засвар үйлчилгээний ажилтан байжээ.
Буун дуу Олландыг үгээ дуусах дөхөж байхад гарсан бөгөөд Ерөнхийлөгч сум туссан газрын зүг бараг 20 секунд орчим гайхан харсан байна. Эцэст нь тэр “ноцтой зүйл биш бололтой” гэж хэлээд үгээ үргэлжлүүлэн дуусгажээ. Дараа нь Олланд шархдсан хүмүүстэй уулзаж, биеийн байдлыг асуусан гэнэ.
Францын баруун бүсийн Виллоньон хотын арга хэмжээнд оролцож байсан Ерөнхийлөгчийн хамгаалалтад ажиллаж байсан мэргэн бууч байраа солихоор шилжихдээ санамсаргүй сум алдсан байна. Өндөрлөг цэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан мэргэн буучын бууны хамгаалалтын механизм ажиллаагүй байжээ. Тиймээс үүнийг урьдчилсан байдлаар санаатай хэрэг биш гэж үзсэн байна. Болсон хэргийг шалгаж эхэлсэн гэж албаныхан мэдээлжээ.