Өчигдөр (2017.05.30) Соёлын төв өргөөнд анх удаа “1000 аав” чууллаа. Чуулганд улс орны өнцөг булан бүрт амьдарч буй аав нарыг төлөөлж нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцжээ.
Энэ үеэр аавын үүрэг роль ямар чухал болох, хүүхдийн хүмүүжилд ямар орчин, хүчин зүйл нөлөөлж байгаа, төр засгийн ямар бодлого үгүйлэгдэж байгааг зөвлөлдсөн байна.
Мөн эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн багш нарт ирээдүйн иргэн болсон хүүхдээ даатгаж орхидог тогтолцоог халж, аавууд хүүхэддээ цаг гаргахыг уриалжээ.
Хамгийн гол нь аав нарыг хүүхдүүддээ зөв үлгэр дууриаллаа үзүүлж манлайлах, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд энэ чуулганыг санаачилсан байна.
Энэ талаар НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ Хүн болгон математикч болохгүй ч эцэг эх болдог. Иймд багаас нь зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэх асуудал Нийгмийн бөгөөд эцэг эхчүүд бидний тулгамдсан асуудал болоод байна хэмээн онцолсон юм.
Цаашид Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.