“Алтан” Заамарт амралтын хоёр өдрийг өнгөрүүлээд ирлээ. Улаанбаатараас 510 км давхиад Хэрмэн дэнж гэх он цагийн түүхийг өөртөө авч үлдсэн газарт үдлээд Шижир-Алт-Мондулаан- Монпольмент компанийн ажлын талбайг зорилоо. Хэзээнээсээ л алтны өлгий нутаг гэгддэг энэ үзэсгэлэнт хангай нутаг зуны эхэн сарын энэ өдрүүдэд өнгөө зассан ч цаанаа л нэг гандуухан. Өвсний сөл, усны тунгалаг, хөрсний шим, малын тарга хүч гэх мэт хөдөө нутгийн үзэсгэлэнг илтгэх үзэмж тун тааруухан байсныг нуугаад юун.
Уг нь бол цагийн сайханд Заамар нутагт хавар зун намартаа ган болдоггүй дөрөө шүргэм өвстэй, өвөлдөө зуд болдоггүй өнтэй байж. Тийм ч болохоор мал аж ахуй, газар тариалангийн хамгийн таатай бүс гэгддэг байж. Хүн малын амьдрах хамгийн таатай орчин энэ нутагт л бүрдсэн байжээ. “Байжээ” хэмээн өнгөрсөн цаг дээр өгүүлэхийн учир нь уул уурхай гэх уршигт хөтөлбөр тэртээ 1992 оноос эмх замбараагүй хэрэгжиж балагт нь байгаль орчин сүйдсэн он жилүүдээ Заамарынхан халаглан ярив.
Арга ч үгүй биз. Ерөнхийлөгч асан П.Очирбатын үеэс энэ нутагт “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж Тосон Заамарыг тоосон Заамар болгох эх үндэс тавигдаж байв. Тухайн үед цаг төр ороо бусгай байв. Монголчууд, тэр дундаа хөдөөгийн иргэдийн ой тоонд энэ хөтөлбөр хэрэгжсэнээр нутаг ус, хүн мал, байгаль орчин “сарны гадарга” шиг болтлоо сүйднэ чинээ санах ойлголт, ухаан хомс байсан нь тухайн үеийн төрийн шийдвэр гаргагчид, томоохон компаниудын эздэд хэтэвчээ түнтийлгэх таатай боломж болсон нь мэдээж.
Яг л энэ үеэс “Алтандорнод Монгол”, “Монголросцветмет”, “Монполимет”, “Их-Алт”, “Мондулаан”, “Эрэл”, “Бумбат” гэх мэт компаниуд эргэлт буцалтгүй “Алт” олборлох зам руу хэлтийсэн. Мэдээж эдгээр компаниуд өнөөдөр ч үйл ажиллагаагаа Заамарт явуулж байна.
Тосон Заамар тоосон Заамар болж дуусах нь
Хариуцлагагүй уул уурхай гэдэг нэршил Заамарт бүрэн утгаараа “хэрэгжжээ”. Хүн малгүй уух усгүй, амьдрах гишгэх газаргүй, ухсан нүх, самарсан хөрсөн дунд уул уурхай гэх харгис бодлогын балагаар багахан газарт шахагдан газар орноосоо чимээгүйхэн “хөөгдөж” буйгаа хэлж байна. Арав, хорь, гучин жилийн дараах Заамар нутгийн ирээдүй хөмөрсөн тогоо шиг болох нь нэн тодорхой байгаад нутгийн залуус сэтгэл зовнин өөрчлөлтийг өнөөдрөөс эхлүүлэхээр тэмцэнэ гэдгээ дайв. Ямар учраас гэнэт ухаан сэхээ орсон мэт Заамарын залуус нутаг усаа хамгаалж үлдэх хөдөлгөөн өрнүүлэв хэмээн уншигч авхай та гайхаж байгаа бол учрыг доор сийрүүлье.
“Алт-1- хөтөлбөрийн балаг арилаагүй байтал Засгийн газар “нууц” шийдвэр яаравчлан гаргаж “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэхээр шулуудаж энэ бодлогын хүрээнд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га газарт нэмж лиценз олгох зарлиг шийдвэрийг үзэглэснийг залуус ийн эсэргүүцэж Ашигт малтмалын газар, Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа аж. Харамсалтай нь өнөөдрийг болтол аль ч шатнаас нь дорвитой хариу ирүүлээгүй гэнэ. Өнөөдрийн байдлаар Заамарт Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гэхэд л 121 байна гэж бүртгэгджээ.
Энэ бол зөвхөн буух эзэн буцах хаягтай компаниудын нэр дээр олгогдсон тоо хэмжээ. Үүнээс гадна гар аргаар алт олборлож байгаа иргэдийн ухаж байгаа газар, эргүүлж байгаа хөрсний хэмжээг нэмвэл сэтгэл өвдөм дүр зураг нүдэнд буух биз ээ. Сумын нийт газар нутгийн 250 мянган м.кв газраас 45 мянга м.кв газрыг уул уурхайн компданиуд лиценз хэлбэрээр авчээ. Үүнээс 24.5 мянган га газрыг ухчихсан байна. Нөхөн сэргээлт хийсэн газар бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруутахгүй болов уу. Учир нь 4-5 мянган га газарт л нөхөн сэргээлт хийсэн гэдгийг нутгийнхан хэлж байгаа юм. Үлдсэн газарт мал бэлчих аргагүй, тоосжилт ихтэй, ус нь уух аргагүй улаан шавартай. Ямар сайндаа л малынхаа уушгийг чанаад гаргаад ирэхэд жижигхэн хоргол шиг хар юм болчихдог тухай хэлнэ билээ. Мөн Заамарт тулгамдсан том асуудал нь усны эрүүл ахуй, усны нөөцийн асуудал гэнэ.
“Сумын иргэд ундныхаа усыг гаднаас зөөвөрлөх хэрэгтэй болж байна. Малаа услах боломж тун бага боллоо. Лицензтэй компаниуд газраа тойруулаад хашаа татах эсвэл зогоон татчихдаг. Малаа услахын тулд өнөөх татсан хашаа, зогооныг тойрч явдаг гэх мэт асуудал маш их” гэдгийг учирлав. Сумын Засаг дарга Б.Самбуу “Заамар сум Алт-1 хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг, улс төрийн хүрээнд өөрийн гүйцэтгэх үүргээ хангалттай биелүүлсэн. Хэвлийгээ сүүлийн 27 жилийн туршид өдөр бүр ухууллаа. Аливаа зүйл өөрийн хэм хэмжээтэй. Баялаг хүртэл хэмжээ хязгаартай.
Хүний шунал ч мөн хязгаартай байх ёстой. Заамарыг энэ удаад Алт-2 хөтөлбөрөөс чөлөөлж өгөөч ээ. Орон нутагт минь шимт хөрс гэж зүйл үгүй боллоо. Шимт хөрсгүй цагаан талд зун зунаараа байхаа болилоо. Цагаан шороогоор нүдгүй шуурдаг, тоосжилт хэрээс хэтэрлээ. Хөрсний бүтэц алдагдлаа. Ургамал, өвс ногооны гарц илт багаслаа. Цөлжилт явагдаад хэдийнэ эхэлчихлээ. Гол дотор ажиллах технологи бүхий Драг гэх “мангас”-ын харгайгаар Туул голын ус голдиролоо өөрчилж гол мөрөн гол биш болж байна. Хүний эрүүл мэнд хөсөр хаягдлаа. Заамар сум туурь болж үлдэхэд тун ойрхон болж байна” хэмээлээ. Заамарт хэрэгжих “Алт-2” хөтөлбөрт хориг тавиач Ерөнхийлөгч өө.
Анхны шан татсан “ТУУЛЫН-III” анги
Заамрын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг алтны орд газар эзэлдэг. Үүний гуравны нэг хувьд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. 1980-аад оны дунд үед Заамарын бүлэг ордын нөөцийг тогтоож, тооцоог нь гаргажээ. Анх 1981 онд Дарханы геологи хайгуулын экспедицийн “Туулын-III” анги олборлолт, хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Сүүлд Оростой хамтарсан анги болтлоо өргөжсөн байдаг.
“Тухайн үед социализмын үзэл суртал, баримтлалын дагуу байгаль орчныг төдийлөн сүйтгэдэггүй байсныг тэр үеийн геологчид ярьдаг. Магадгүй тэдний хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж өнөөгийнхөөс хэд дахин бага хүчин чадалтай байсантай холбоотой биз. Уул уурхай хөгжихийн хэрээр алт гэх үнэт метал төрд шургалсан бизнесийнхэний арааны шүлсийг асгаруулж улмаар Заамарын хөндийгөөс хэдэн арваараа тэрбумтнууд төрсөнийг толгой дарааллуулан нэрлэж болно.
“20 мянган нинжа” гэх шинэ үг өгүүлбэрийг монголчууд мэддэг болсон 2000 оны эхэн үеэс л Заамар нутгийн Хайлаастын хөндий “моодонд” орох нь тэр. Хорь гаруй жилийн тэртээгээс хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр Заамарыг зорьдог болсон түүх өнөө ч амьдаараа. Олны хөл тасрахгүй үргэлжилсээр бүртгэлтэй, бүртгэлгүй иргэдийн тоо ч Заамарт талийж өгснийг тухайн үеийн удирдлагууд онцолдог.
Хавь ойрын хүмүүсийн шунал хөдөлгөсөн энэ их алтны нөөц нутгийн иргэдийн амьдралд нэмэр болсонгүй. Заамарт юу ч үлдсэнгүй. Хэдэн жилийн өмнө л гарын таван хуруунд багтаж тоологддог сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа яг л янзаараа. Заамар сумын иргэд аар саарханаар өдөр хоногийг өнгөрөөрдөг бол малтай цөөхөн иргэд нь бэлчээр, усны хомсдолд яахаа мэдэхгүй дэмий л адгаж байна. Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг олон уурхайн балгаар ухсан нүх рүү нь мал орчихдог. Энэ нь малчдад хохирол учруулсаар л байдгийг хэлнэ билээ.
Тал еэвэн шиг заамар
Ар, өврөөрөө ялгардаг Наймганы талд хүний гар хүрээгүй гуу жалга үлдсэнгүй. Ногоо нь сугсарсан сайхан тал шороон овоолго, ухсан нүхээр дүүрсэн нь сэтгэл сэмлэнэ. Эхлээд арыг нь сүйтгэсэн бол одоо өврийг сэндийлж эхэлжээ. Дуусашгүй арвин баялагтай Заамарын хөндий “баялгийн хараал”-д өртсөн нь хэний ч нүдэнд илхэн.
Энэ нутагт Туулыг Туул биш болгож байгаа таван драг бий гэнэ. Драг гэдэг нь нутгийнханы хэлээр бол “Усны мангас” гэнэ. Монгол Улсын хэмжээнд таван ийм “мангас” зогсоо чөлөөгүй ажилладагаас тавуулаа Заамарт байх. Туул голын тэхий голд нь хөвж буй хоёр драг зогсоо чөлөөгүй шороо угааж байгааг ч нүдээр үзэв.
Хайлаастын хөндийгөөр урсдаг байсан Баян, Ар найман, Бага урт, Дунд уртын гол, Баруун, Зүүн шанд, Бүдүүний рашаан зэрэг гол мөрөн уул уурхайн балгаар ширгэж, зөвхөн сайр, ором л үлджээ. Дундарч, татарсан Туул гол арай ядан урсана. Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг Туул гол 704 км урттай ус цуглуулах талбай нь 49 мянга 840 ам километр бөгөөд сав газар нь таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсдаг юм. Энэ гол Заамар сумын баруун талаар урсдаг бөгөөд голын сав хүдэр, алтны их хэмжээний нөөцтэй.
Туул голын сав газрыг дагасан энэ их баялгийн нөөц Туул голын урсац, нөөцөд экологийн том аюул авчирсан гэдгийг нутгийн залуус хэлнэ билээ. Уул уурхайн олборлолтод хуучирсан арга, технологи ашигласнаар Туул, Орхон болон Сэлэнгэ гол бохирдоод зарим хэсэгтээ лаг шавар болон улаанаар эргэж байв. Эдгээр голууд Байгаль нуурт цутгадаг. Дэлхийн цэвэр усны хамгийн том нөөц болдгийг уншигч та мэдэх биз.
“Алттай, арвин их баялагтай ийм газар нутгийн иргэн болж төрсөндөө заримдаа сэтгэл эмзэглэдэг. Манай Заамар ямар ч баялаггүй байсан бол гэж заримдаа боддог. Алтгүй байсан бол мал аж ахуй, газар тариалан маш эрчимтэй хөгжих байсан. Зөвхөн Заамар сум улсдаа 120-180 гаруй тонн алт тушаасан гэдэг тоо баримт бий. Заамар сумын хөрсийг эхийн хэвлий гэж үзвэл эхийнхээ халуун хэвлийг бид 27 жил өдөр шөнөгүй ухжээ. Одоо эхийнхээ хэвлийг амраая. Тиймээс Алт-2 хөтөлбөрийг ус нутгаараа эсэргүүцэж байна” гэдгийг Заамар нутгийн залуус Засгийн газарт дайлаа. Хэрхэхийг хэргэм зэрэгтнүүд мэдсүгэй.
Юутай ч Тосон Заамараа тоосон Заамар болгохыг хүсээгүй сумын Засаг дарга Б.Самбуу, Заамарын ИТХ-ын төлөөлөгч Ш.Галбадрах, Л.Амгаланбаяр, “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван, нутгийн залуусын төлөөлөл, салбар салбарын эрдэмтэн доктор, судлаачдаас бүрдсэн 41 хүний бүрэлдэхүүнтэй баг “Заамарт яагаад “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж болохгүй вэ” гэдэг сэдэл доор нэгдэж уул уурхайн хор уршиг, орон нутгийн байр байцтай газар дээр нь очиж ийн танилцав. Ай Заамар. Засгийн газар чамайг золионд гаргахаар шийдээгүй л байгаасай.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: М.МӨНХТУНГАЛАГ
1 comment
bi
bugdiig sudalj bga