Малайзын прокурорын газар Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хордуулж хөнөөсөн хэрэгт сэжигтнээр баривчлагдсан хоёр эмэгтэйд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгдлээ. Хоёрдугаар сарын 13-нд Малайзын нисэх буудалд Ким Жун-намын нүүр рүү химийн хорт бодис санаатайгаар цацсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан хоёр эмэгтэй Индонез болон Малайзын иргэншилтэй хүмүүс.
Малайзын албаныхан энэ хэрэгт дээрх хоёр эмэгтэйгээс гадна Вьетнамын иргэн 28 настай Дона Ти Хуон, Индонезийн иргэн 25 настай Сити Аисия болон өөр найман хүн хэрэгт холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Тэдний дунд Куала Лумпур дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны томоохон албан тушаалтан, мөн төрийн өмчит агаарын тээврийн компанийн ажилтан багтаж байгаа аж Харин Өмнөд Солонгос тэдний дөрвийг нь Хойд Солонгосын тагнуул гэж мэдэгдээд байна.
Хэргийн талаар Малайзын Ерөнхий прокурор Мохамед Апанди Али “Индонез болон Малайзын иргэншилтэй хоёр эмэгтэйд эрүү үүсгэсэн, хэрэв гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 302 дугаар зүйл заалтын дагуу яллана. Цаазын ялаар шийтгэнэ” гэж мэдэгдсэн байна. Харин гэм буруутай гэгдэж буй хоёр эмэгтэй өөрсдийгөө “Хэн нэгний нүүр рүү хүүхдийн биеийн тос цацаж, бусдыг шоглодог телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон. Үүнийхээ төлөө 90 ам.доллар авсан” гэж мэдүүлжээ.