Хойд Солонгосын дипломат төлөөлөгч өнөөдөр (2017.02.28) хэлэлцээ хийхээр Бээжинд ирсэн гэж Хятадын тал мэдээлэв. Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар Хойд Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Ри Кил Сун Бээжинд айлчилж байгаа бөгөөд айлчлалын үеэр хэд хэдэн асуудлааар хэлэлцээ хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Пхеньян дундын зайн тусгалтай баллистик пуужин туршсанаас хойш долоо хоногийн дараа Бээжингийн захиргаа Хойд Солонгосоос авдаг нүүрсний импортоо зогсоогоод байгаа. Тус улс энэ үеэрээ НҮБ-ын хориг арга хэмжээг дэмжинэ гэж мэдэгдсэн билээ. Дээрх шийдвэрээс хойш арав хоногийн дараа умардын төлөөлөгч Бээжинд хүрэлцэн ирээд байна. Энэхүү айлчлал өнгөрсөн оны зургадугаар сараас хойш болж буй өндөр түвшний айлчлал гэж Бээжин онцолсон байна.
Мөн Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “Хойд Солонгосын орлогч сайдын айлчлал нь Хятад ба Хойд Солонгосын дипломат харилцааны хүрээнд хийгдэж буй ердийн нэг харилцаа холбоо” гэж мэдэгджээ. Хойд Солонгосын KCNA мэдээний агентлаг айлчлалын мэдээллийг баталсан байна. Айлчлал гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх гэнэ.