Америкийн Кино академийн дээд шагнал Оскар гардуулах 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслол дээр хөтлөгчид “Шилдэг зураг” номинацын ялагч “Moonlight”-ын нэрийг хадгалсан дугтуйг сольж “La la land” хэмээн зарлаж алдаа гаргасан нь шүүмжлэл дагуулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч энэ талаар дуугүй байсангүй. Тэрээр Breitbart сувагт өгсөн ярицлагадаа “Тэд улс төржихөд хэт анхаараад эцэст нь хийх ёстой зүйлээ зөв хийж чадсангүй. Энэ тохиолдол Оскарын сүр жавхланг үгүй хийж орхисон.
Энэ үдэш тийм ч тансаг сайхан болоогүй мэт надад санагдсан. Би Оскарт өмнө нь хэд хэд оролцож байсан. Тэнд ямар нэг онцгой зүйл үгүйлэгдэж байсаар эцэстээ ийм хэрэг боллоо” гэж мэдэгдсэн байна. Оскар-2017 үнэхээр бага биш улс төржилттэй болж өнгөрсөн. Хөтлөгч Жимми Киммел хэд хэдэн удаа Трампыг шоглон, үйл ажиллагааны дундуур Ерөнхийлөгчид хандан твиттер сүлжээгээр өдөөн хатгасан үгсийг бичиж байсан юм.
Мөн шагнал гардаж авсан хэд хэдэн уран бүтээлч сэтгэгдлээ ярихдаа Трампыг шүүмжилсэн утгатай үг унагаж байв. Харин Трамп Оскарын шагнал гардуулах ёслолын турш ямар нэг мэдэгдэл хийгээгүй ба маргааш нь хэвлэлд сэтгэгдлээ хуваалцжээ.