Фин эхчүүд 76 жилийн өмнөөс улсаасаа тусгай тэтгэмж хүртэж байна. Тэр нь зүгээр ч нэг мөнгөн тусламж биш, харин нярайн хувцас, хэрэглэл, хөнжил, даавуу гээд анзааргагүй нэгэнд бол юухан хээхэн шиг харагдах, ойр зуурын зүйлс юм. Гэхдээ эдгээр энгийн зүйлсийн хүчинд Финланд улс нярайн эндэгдэл хамгийн багатай орны нэг болжээ. Энэ нь 1930-аад оноос эхтэй уламжлал бөгөөд тус улсын шинэ иргэн бүр гэртээ ийм бэлэг хүргүүлнэ. Бэлгийн хайрцгийг хөл хүнд эмэгтэй жирэмсний дөрвөн сартайгаасаа өмнө эмчийн хяналтад орж, эрүүл мэнддээ анхаарч ирснийхээ шагнал болгон авдаг. Хайрцаг дотор хүүхдийн хоёр ой хүртлээ өмсөж болох гадуур болон дотуур хувцас, угаалгын хэрэглэл, живх, тоглоом зэрэг бий. Мөн жижигхэн гудас, хөнжил байх ба хайрцгийг нярайн ор болгон ашиглана. Эхчүүд хүсвэл хайрцагны оронд 140 евро авч болох ч фин эмэгтэйчүүдийн 95 хувь нь бэлгийн багцыг сонгодог байна.
Шинээр мэндэлсэн иргэн бүртээ иймэрхүү бэлэг зэхдэг өөр улс байхгүй бөгөөд уг хөтөлбөр 1935 оноос эхтэй аж. 1930-аад оны Финланд орон ядуу тарчиг, хүн ам цөөтэй, дээр нь Европын орнууд дунд эх, нярайн эндэгдэл хамгийн өндөр орны нэг байлаа. Тэр үед тус улсын 1000 нярай тутмын 65 нь энддэг байж. Харин албаны хүмүүс үүнтэй хэрхэн тэмцэх талаар 1935 оноос төрийн хэмжээнд хэлэлцэж, өрхийн орлого багатай болон олон хүүхэдтэй айлд нярайн хувцас, хэрэглэл тараахаар болсон байна. Энэ тухай хууль 1938 онд батлагдаж, 11 жилийн дараа Финландын шинэ иргэн бүрт тусламжийн хайрцаг олгож байх нэмэлт заалттай болов. Ингэснээр эхчүүд хэрэгцээт зүйлсээрээ хангагдаад зогсохгүй улсаас эрүүл байх үүрэг авчээ.
Хельсинк хот дахь Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үндэсний төвийн мэргэжилтэн Мика Гисслерийн ярьснаар тусламжийн хайрцагны ачаар эх, нялхсын эрүүл мэнд 1940-өөд он гэхэд мэдэгдэхүйц сайжирч, 1960-аад онд Финландыг эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоотой болоход хүргэсэн байна. Энэ хайрцаг одоо фин түмний соёлын салшгүй хэсэг, үе үеийн эмэгтэйчүүдийг холбогч болжээ. Хельсинк хотын уугуул, 50 настай Рэйжа Клеметти зургаан хүүхдийнхээ бэлгийг авахаар ойролцоох шуудангийн салбарт очиж байсан үеүдээ тод санадаг. Шинэ хүндээ хайрцаг дүүрэн бэлэг авах бүртээ хэрхэн догдолж, гэр бүлээрээ цугларч байснаа тэрбээр дурсан ярих дуртай. Харин түүний 78 настай хадам ээж 1960-аад онд амьдрал хүнд байхад улсаас олгосон ганц хайрцаг амьдралыг нь яажшуухан өөрчилж, итгэл найдвар бэлэглэж байсныг ач, зээ нартаа үе үе ярьдаг. Саяхан Клеметтийн охин, 23 настай Солья анхны хүүхдийнхээ бэлгийн хайрцгийг хүлээн авч ээж, эмээ нарынхаа нэгэн цагт мэдэрч байсан баяр баяслыг мэдэрчээ. Түүний хэлснээр анхны хүүхдээ хүлээж байгаа залуу эмэгтэйчүүдэд энэ бэлэг найдвартай “ар тал” бий гэдгийг сануулж, айдас түгшүүргүй болгодог гэнэ.
Хайрцаг доторх зүйлс жил бүр бага сага өөрчлөгддөг. Анхандаа цулгуй өнгөтэй байсан хувцаснууд яваандаа өнгө, судалтай болж, материал нь ч өөрчлөгдөн, угаахад хялбар болжээ. 1930-1940-өөд онд эмэгтэйчүүд өөрсдөө хувцас оёх нь их байсан тул хайрцганд зүү, утас, бөс даавуу хийж байв. Харин дэлхийн II дайны үед Зэвсэгт хүчинд цагаан даавуу их хэмжээгээр шаардлагатай болсноос цагаан хэрэглэлийг цаасаар хүртэл орлуулж байж. Хүүхдийн хувцасны өнгө, хэлбэр яаж ч өөрчлөгдсөн аль ч хүйсний хүүхэд өмсөхөд тохиромжтой байх учиртай. 1950-аад оноос энэ журам үйлчилж эхлэхтэй хамт хувцасны материал сунамтгай болж, нэхмэл хувцас мөн нэмэгджээ. Хөнжлөө тийчдэг нярайд зориулсан уутан хөнжил 1968 оноос, дараа жилээс нь нэг удаагийн живх нэмэгдэв. Харин байгаль орчинд ихээхэн халгаатай нэг удаагийн живхийг хоёр зууны зааг дээр бэлгийн багцаас хасаж, даавуун живх “эргэн иржээ”. Энэ мэтчилэн цаг үеэ дагаад хайрцаг доторх бэлгүүд өөрчлөгдсөөр байдаг тул ямархуу шинэ, содон зүйлс хүлээж авснаа үе үеийн эмэгтэйчүүд харьцуулан жишиж, бусдаасаа ялгарах ямар өөр бэлэг авснаар нь тухайн хүүхдийг аль онд төрснийг нь мэддэг байна. Залуу эцэг эхчүүд энэхүү “шидэт” хайрцагны ачаар дөнгөж төрсөн хүүхдэдээ юу хэрэгтэй бол гэж санаа зовдоггүйн дээр цаг заваа хэмнэдэг.
Саяхны нэгэн судалгаагаар фин ээжүүд дэлхийн хамгийн сэтгэл хангалуун эхчүүдээр тодорчээ. Үүнд улсаас олгодог бэлгийн хайрцаг хамгийн их нөлөөлсөн нь маргаангүй. Хоёр хүүгийн эх, 35 настай Титта Ваяринений ярьснаар улсын эдийн засаг хүндэрч, ахуй амьдрал яаж ч доройтсон төр засгийн бодлогоос эх, нялхас орхигдсон удаагүй гэнэ. Тэрбээр бага хүүгээ төрүүлэхдээ хайрцагны оронд мөнгөн тэтгэмж авч, ууган хүүдээ өмсүүлж байсан хувцсыг багадаа өмсүүлжээ. “Тэгэхээр маш чанартай хувцас өгдөг байгаа биз. Анхны хүүхдийнхээ хайрцагт байсан бүх зүйлийг дахиад гурав дахь хүүхдэдээ ч хэрэглэж болно” гэж тэрбээр инээмсэглэн ярилаа. Харин түүний нөхөр нярайн хайрцгийг зүгээр ч нэг бэлэг биш, харин фин үндэстнийг эв нэгдэлтэй, эрх тэгш, эрүүл чийрэг байлгадаг, сайн сайхан амьдрал, аз жаргалтай ирээдүйн бэлгэ тэмдэг гэв. Эмээ, өвөө нараас нь эхлээд улсынх нь Ерөнхийлөгч хүртэл цаасан хайрцганд унтаж хүн болсон гэж бодохоор түүнд сайхан санагддаг гэнэ.
Хосуудыг үр хүүхэдтэй болохыг дэмжих, хүүхдийн эрүүл бойжих орчныг бүрдүүлэх нь тусламжийн хайрцагны гол зорилго. Хельсинкийн их сургуулийн профессор, соёл судлаач Пану Пульмагийн онцолсноор ой хүртэлх насны хүүхдийг цаасан хайрцаганд унтуулах нь хамгийн аюулгүй болох нь олон судалгаагаар батлагджээ. Нярай хүүхэд өндөр орон дээр юм уу, эцэг эхтэйгээ хамт унтах нь хүүхэд бүтэх, унах зэрэг эрсдэлтэйгээс гадна хүүхдийг агааргүйдүүлж, тархины хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг байна. Финландын эрх баригчид хэдэн жилийн өмнө нярайн хайрцганд хийхийг хориглосон зүйлсийн жагсаалт гаргасны дотор өндөр оронд хэрэглэгдэх цагаан хэрэглэл, бүх төрлийн угж багтжээ. Пульма Финландын түүх, соёл судлаачийн хувиар бэлгийн багцанд үлгэрийн ном нэмэгдэх өдрийг хүлээж байна. “Эрүүл бойжсон хүүхдүүд боловсролтой, оюунлаг болж өсвөл бүр сайнсан” гэж тэрбээр ярилаа.
Хүүхдийнхээ бэлгийн хайрцгийг финландчууд одоо KELA буюу Нийгмийн даатгалын газрынхаа нэгдсэн цахим хуудсанд бүртгүүлж, эсвэл энгийн шуудангаар өргөдөл илгээн хүлээж авдаг. Сонирхуулахад, KELA-гийн удирдлага Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын хүү Жорж болон Шведийн угсаа залгамжлах гүнж Викториягийн охин Эстель нарт тусгайлан бэлгийн хайрцаг илгээж байжээ.
Бэлгийн хайрцагны товч түүх
- 1938 он: Финландын парламент Эх, үрсэд буцалтгүй тусламж үзүүлэх тухай хууль батлав. Тус онд амаржсан эхчүүдийн гуравны хоёр нь мөнгөн юм уу, эд материалын, эсвэл эдгээрийг хослуулсан тусламж авчээ.
- 1939 он: Амьжиргааны түвшин доогуур өрх олон байснаас тусламжийн хайрцгийг хүүхэд унтахад зориулан бат бөх үйлдвэрлэж эхлэв.
- 1940-ээд он: Дайны улмаас эдийн засаг хүндэрч, бараа бүтээгдэхүүн ховордсон ч, бөмбөгдөлтийн улмаас олон мянган хүн орон гэргүй болсон ч тусламжийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлсээр байв.
- 1942-1946 он: Эхчүүдийн цагаан хэрэглэл, өлгийний даавуу зэргийг шинэчлэн сайжруулав.
- 1949 он: Тусламжийн хайрцгийг зөвхөн орлого багатай өрхүүдэд тараах бодлогыг халж, эмчийн хяналтад орсон жирэмсэн эмэгтэй бүрт бэлгийн журмаар олгож эхлэв.
- 1957 он: Бөс даавуу, зүү утас зэргийг хайрцагт хийхээ больж, дан бэлэн хувцас тараах болов.
- 1969 он: Нэг удаагийн живх нэмэгдэв.
- 1970-аад он: Эмэгтэйчүүд ажил хийх нь ихэссэн тул цулгуй цагаан хэрэглэл, зузаан даавуу, цагаан дотуур хувцас зэргийг угаахад хялбар материалтай, өнгө, хээтэй хувцас, даавуугаар солив.
- 2006 он: Даавуун живхийг дахин тарааж эхлэв. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихийн тулд угж өгөхөө болив.
Хайрцаг дотор юу байдаг вэ
- Гудас, гудасны уут, жижиг цагаан хэрэглэл, орны бүтээлэг, хөнжил, хүүхдийн уутан хөнжил
- Хайрцгийг хүүхдийн ор болгох нэмэлт цаасан хавтан
- Хүүхдийн өвлийн хүрэм, малгай, бээлий, ороолт, өвлийн гутал, бойтог
- Даавуун юүдэн, нэхмэл өмд, цамц
- Оймс, ноосон өмд, балаклава (зөвхөн нүүр ил гардаг, толгойн өмсгөл)
- Өнгө өнгийн дотуур хувцас, даавуун дотуур өмд, цамц
- Юүдэнтэй, биеийн том алчуур, хүүхдийн хумсны хутга, сойз, усны градус хэмжигч, биеийн тос, бие угаагч
- Өлгийний даавуу, даавуун живх
- Зургийн цомог, хаздаг тоглоом
- Сүү шингээгч, хөхүүл эмэгтэйн хөхөвч, бэлгэвч
1 comment
Ямар сайхан юм бэ. Монголын үрс маш олн болтугай. Бүгдээрээ эрүүл саруул өсөн бойжих болтугай.